• Эхлэл
  • Хятад компаниуд Монголын хөгжлийг тушиж байна

Хятад компаниуд Монголын хөгжлийг тушиж байна

2021/10/29

Тендерт ялж чадаагүй хоёр хятад компаниас болж Монголын хөгжлийг хурдасгах хамгийн чухал төслүүдийн нэг нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил гацаанд ороход хүрээд байна. Хамгийн харамсалтай нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын хувийн хэвшлийн хэдхэн компанийн эрх ашгийн төлөө үйлчилж хуурамч мэдээ төлбөртэй тарааж иргэдийг хагаралдуулж байгаа нь аймшигтай.

Монголын ард түмний мэдэлд байдаг үндэсний компани Эрдэнэс-Тавантолгой өдгөө улсынхаа нүүрсний нийт экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлж байна. Шилэн данстай, шидэг татвар төлөгч, Монголдоо хамгийн өндөр цалин олгодог байгууллага. Тэд 2020 онд 427 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн нь 100 гаруй эмнэлэг барихтай тэнцэхүйц хэмжээний их мөнгө ажээ. Тус монгол компанийн “А6-20” төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дуусвал Монгол хэмээх их айлын төсөв 2.5 дахин нэмэгдэх юм. Улмаар тус төлөвлөгөөнд тусгасан шинэ цахилгаан станц, төмөр зам, нүүрс боловсруулах үйлдвэр, говийг гадаргын усаар хангах зэрэг олон том ажлын эцсийн ашиг шимийг 1072 хувьцааны эзэн бид бүхэн тэгш хувааж хүртэх болно.

Гэтэл дээрх бүтээн байгуулалтын төслүүдийг гацаах ашиг сонирхолтой зарим хятад компани байна. Тодруулбал, Эрдэнэт Тавантолгой ХК нүүрс баяжуулах үйлдвэр барих тендерээ 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр нээсэн. Тус тендерт дөрвөн компани өрсөлдсөн бөгөөд хуулийн дагуу үнэлгээ хийж ялагч урьдчилсан байдлаар тодроод байгаа юм. Гэтэл тендерт ялж чадаагүй хоёр хятад компани нь маргаан үүсгэж, ялагчийг ижил төстэй нэр бүхий компанитай холбон ярьж тендер шалгаруулалт хууль бус болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна. Улмаар Монголын худалдагдсан хэвлэлүүдийг ашиглаж тендер будлиантуулах арга хэмжээ хүчтэй авч эхэлжээ.

Хятадууд ер нь монголчуудыг нүүрс баяжуулах үйлдвэргүй байлгах сонирхолтой. Хилийн цаана маш олон баяжуулах үйлдвэр байдаг тул Монголоос үргэлж түүхий нүүрс хямд үнээр худалдаж авч өөрсдөө боловсруулж байхыг хүсдэг. Тиймдээ ч өмнөх жилүүдэд Монголын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг яг энэ аргаар гацааж байсан түүх олон билээ. Монголыг хөгжүүлэхгүй байх нь хятад компаниудын хувьд ашигтай аж.

Хятадын хувийн компаниудын хувьд ёс зүй яриад дэмий биз. Харин монгол сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд хятадуудын эрх ашгийн төлөө ёс зүйгээ мөнгөөр худалдаж тэдэнтэй хамтарч үндэсний үйлдвэрлэлээ зогсоохыг оролдож байгаад харамсаад баршгүй. Сүүлийн үед зэрэг шахам тараад буй зарим нэрт сэтгүүлчийн нийтлэл болон жижиг сайтуудаар тарсан ижил баримт, адил агуулгатай олон мэдээнээс харахад зохион байгуулалттай ажиллагаа гэдэг нь илт байна. Тэд хятад компанийн хувьцаа эзэмшигчдийн улсын бичиг баримтын бүртгэлийг хаанаас олж авахыг хэрхэн мэдэх билээ? Хятадууд өгсөн нь тодорхой. Нийгмийн сүлжээнд хүртэл төлбөртэй рекламны байршилд төөрөгдүүлсэн мэдээ оруулж тогтмол цацаж байна. Дахин хэлэхэд Монголын хэвлэл мэдээлэл мөнгөний төлөө хятадын эрх ашгийг хамгаалж байна. Монгол сэтгүүлчид мөнгө л олж байвал улс орны хөгжил хамаагүй хэрэг үү? Уншигч та бүхэн гадны явуулгад автахгүй байж үндэсний томоохон бүтээн байгуулалтаа хамгаалахыг хүсье.

            Хэрэв Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр төлөвлөсөн ёсоороо 2023 онд ашиглалтад орвол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас дутахааргүй том “саалийн үнээ” болох боломжтой. Гэтэл Монголын том төслүүдийг гацаах, хөгжлийг удаашруулах ашиг сонирхолтой хятад компаниудаас болж Монголын хөгжил дахин нэг удаа саатахад хүрээд байна. Энэ мэт аргаар өмнө нь маш олон том гэгддэг стратегийн төсөл удааширч, унаж ирсэн. Цаашид ч унагасаар байх магадлал өндөр. Үүнээс нэг асуулт урган гарч ирж байна. Хятадын эргэн тойронд байгаа хөрш орнууд яагаад баяждаггүй юм бол?

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин