• Эхлэл
  • Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн практик ямар байна вэ ?

Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн практик ямар байна вэ ?

2022/01/11

Хуульч Д.Оросоогийн нийтлэлийг хүргэж байна. 

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр  зүйлд "Худал мэдээлэл тараах" гэмт хэргийг хуульчлан оруулсан цаг хугацаанаас хойш уг гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй хууль, шүүхийн практикт дүн шинжилгээ хийж үзлээ. 2020 онд “Худал мэдээлэл тараах”  251 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт явуулснаас 121 хэргийг хааж, найман хэргийг нэгтгэн, 17  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, оны төгсгөлд 105 хэргийн үлдэгдэлтэй байжээ.  Харин 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар  өмнөх оны үлдэгдэл 105, шинээр нээсэн 119, эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татсан зургаа, нийт 230 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт явуулснаас 89 хэргийг хааж, дөрвөн хэргийг нэгтгэн, нэг хэргийг  хэрэгсэхгүй болгож, найман хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ажиллагаанд 128 хэрэг шалгагдаж байв. 

Шүүхээр 2020 онд “Худал мэдээлэл  тараах” 10 гэмт хэрэг хянан шийдвэрлэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuukh.mn сайтаас 2020, 2021  онд шийдвэрлэгдсэн худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хайн шүүлт хийж үзэхэд 2020 онд  тав, 2021 онд долоо, нийт 12 шийтгэх тогтоол оржээ. Харин давж заалдах болон хяналтын  шатны журмаар шийдвэрлэгдсэн хэргийн магадлал, тогтоол шүүхийн  нээлттэй мэдээллийн санд байхгүй байв. Үүний нэг гол шалтгаан нь  анхан шатны шүүхээр шийтгэгдсэн шүүгдэгчид ихэнх тохиолдолд  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргадаггүй, шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцож байгаа нь нөлөөлсөн байх талтай. Үүнтэй  холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах,  хяналтын журмаар гомдол гаргах асуудал бараг гардаггүй ажээ.  

Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг гол онцлог бол ганц эх газрын эрх зүйн (мөрдөн шүүх) тогтолцоонд  хамаардаг гэхээсээ илүүтэй шүүх мэтгэлцээний үндсэн дээр бодит  байдлыг тогтоодог, шүүгчид шүүхийн практик, давж заалдах болон  хяналтын шатны шүүхийн жишгийг харгалздаг зэргээс дүгнэхэд  холимог эрх зүйн тогтолцооны загварт шилжиж байна гэж дүгнэж  болохоор юм. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх  нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх  гол хүчин зүйл билээ. Шүүх хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн  хэргийн хэмжээнд нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан  нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг  тогтоодог. Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс  гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар уг хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, тухайн асуудлаар  хууль зүйн дүгнэлт гаргадаг. 

Бид 2020, 2021 онд шүүхээр шийдвэрлэгдсэн худал мэдээлэл  тараах гэмт хэргийн зарим шүүхийн шийдвэрт шинжилгээ хийж, энэ төрлийн хэргийг шийдвэрлэж буй хууль, шүүхийн практик, хууль хэрэглээний асуудалд дор дурдсан байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1.Бусдын нэр төрийг гутаах зорилгоор санаатайгаар илт худал гүжирдлэг зохиох, илт худал мэдээлэл, гүтгэлгийг нэр төр гутаах  сэдлээр олон нийтийн сүлжээгээр тараах зөрчил амьдрал дээр цөөнгүй гарч  байна. Шүүхийн практикт хүний нэр төр, алдар хүндийг илтэд гутаасан агуулгатай худал мэдээлэл, гүжирдлэг, гүтгэлгийг санаатай зохион тарааж буй гэм буруутай этгээдэд хүлээлгэвэл зохих хариуцлагыг оногдуулж буй зөв жишиг байна.  

2.Гэсэн хэдий ч хууль хэрэглээ, шүүхийн практикт энэ төрлийн хэргийг  шийдвэрлэхэд хүний эрхийг зөрчсөн, мэдээллийн эрх чөлөөг  хязгаарласан цөөнгүй тохиолдол гарчээ. Нэр хүндэд халдсан  гэдэг нь заавал нэр төрийг гутаасан гэсэн агуулгыг бүрэн  илэрхийлэхгүй, гутаасан агуулга байхгүй ч нэр хүнд, эрх ашиг хөндөгдсөн бол халдсан гэж үзэж гомдол гаргах, түүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгах тохиолдол их байна.  Тодорхой, бодитой үйл явдалд тулгуурласан, үзэл бодол, үндэслэл бүхий таамаг, шүүмжлэлт сөрөг мэдээлэл тараасан, иргэний  хэргийн шинжтэй зарим асуудлыг эрүүгийн журмаар шалгах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд дарамт, цензур болж байна.  Энэ нь гаргасан өргөдөл, гомдлын тоо олон, харин шүүхээр  шийдвэрлүүлж буй хэргийн тоо харьцангуй цөөн байгаагаас  харагдаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан  “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шалгах, шийдвэрлэхдээ  “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод тодорхой үйл баримт,  болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой  үндэслэл бүхий боловч нэр хүндийг гутаасан, түүнд халдсан,  бодит баримтыг бүрэн гүйцэт бус, алдаатай мэдээлэл тараасан,  сөрөг мэдээллийг хамруулан эрүүгийн журмаар шалгаж, шүүхээс  гэм буруутайд тооцох асуудал гарч байгаа нь үг хэлэх эрх,  мэдээллийн эрх чөлөөний зарчимд нийцэхгүй байна. 

3.Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх  ажиллагаа нь хэт нэг талыг барьсан, хэргийн нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүй, зөвхөн гомдол,  өргөдөл гаргагч этгээдийн өгсөн мэдээлэл, баримтад тулгуурлан үнэн, худлыг шүүн дүгнэлт хийх, мэдээлэл тараасан этгээдийг  буруутгах хандлага, практик мөрдөн шалгах, прокурор, шүүхийн  шатанд бодитой байна. 

4.Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хохирогч нь нэр бүхий  тодорхой этгээд биш харин хорио цээрийн дэглэмийн үед  уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт төрийн  албан хаагчийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон  илт худал мэдээллийг тараасан гэж иргэнийг буруутган яллаж  ял шийтгэсэн тохиолдол гарчээ. Эрүүгийн хуульд заасан “худал  мэдээлэл тараах” гэмт хэргийн зүйл, заалтыг төрийн алба, төрийн  алба хаагчдыг үл хүндэтгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэсэн үзэл хандлагын үүднээс төрийн байгууллага ашиглан,  иргэдийн эсрэг гомдол, өргөдөл гаргах тохиолдол гарсан байна  (Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоол, 2020.4.3, №00112). 

5.Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт доромжлох гэсэн агуулга  шууд тусгагдаагүй, харин шүүхийн практикт худал мэдээлэл  тараах гэдэгт доромжлох үйлдлийг хамруулан хэрэглэж байна.  Доромжлох гэдэг нь хууль зүйн хувьд нийтээр тогтсон ёс  суртахуун, зан үйлийн хэм хэмжээг үл хүндэтгэн, хүнийг доог  тохуу болгох зорилгоор сөргөөр буюу зүй бус, зохисгүй байдлаар  нэрлэж, дуудаж, үнэлж бичих, хүний зан үйл, зан төлөвийн үнэн  бодит байдал, хүний алдар хүндэтгэлийг гуйвуулан үгүйсгэж буй  явдал юм. Жишээ нь, хүнд хоч өгөх, гарал үүсэл, яс үндэс, биеийн  гадаад хэлбэр, бие эрхтний гажиг, ажил мэргэжил зэргээр нь доромжлох явдал гардаг. Цаашид бусдыг доромжлох замаар нэр  хүндэд халдах асуудлыг худал мэдээлэл тараах гэмт хэргээс ялгах  шаардлага харагдаж байна. 

6.Энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа иргэд хууль зүйн туслалцаа  авахгүй, өмгөөлөгчгүйгээр хэрэг шалгах ажиллагаанд оролцох  явдал түгээмэл байх бөгөөд үүний улмаас яллах, буруутгах  ажиллагаа илүү давамгайлж буй байдал ажиглагдлаа. Мөн  иргэд маргаж мэтгэлцэхгүйгээр гэм буруугаа шууд хүлээн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, уг асуудлыг  хурдан дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлдэг байна. Ингэж  шийдвэрлэгдэх үед илтэд иргэний хэргийн шинжтэй байж болох  нэр төр гутаасантай холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн  журмаар шийдвэрлэсэн тохиолдол гарч байна. 

7.ЭХХШтХ-ийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Хэргийг уг хэрэг гарсан  газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ”, 4-т “Хэрэг тухайн  шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах  шүүхэд шилжүүлнэ”, 8-д “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд  харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүйгээр байвал  шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ”  гэж заасан. Хэргийн харьяалал анхнаасаа тодорхой байхад  харьяалал зөрчиж өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэргийг шалгах  ажиллагаа явуулах, шүүхийн шатанд шүүгдэгч уг асуудлаар  маргаагүй, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй гэж  үзэж хэргийг шийдвэрлэсэн тохиолдол гарсан байна. Энэ байдал  нь өргөдөл, гомдол гаргагч этгээдэд илүү таатай нөхцөлийг  бүрдүүлж ЭХХШтХ-ийг ноцтой зөрчсөн асуудал юм. 

8.Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тараасан  мэдээллийг худал мэдээлэл тараах гэмт хэрэгт сэрдэн шалгах,  улмаар шүүхээр ял шийтгэх тохиолдол гарчээ. Сэтгүүлч  мэдээллийг хайх, олж авах, түгээх, хэвлэн нийтлэх эрхтэй бөгөөд  энэ нь сэтгүүлчийн үндсэн ажил, мэргэжлийн үйл ажиллагаа  болно. Сэтгүүлчийн үйл ажиллагаа нь бусдын нэр төрийг  санаатай гутаах зорилготой үйлдэл биш юм. Мэргэжлийн үйл  ажиллагаанаас үүдсэн худал мэдээлэлтэй холбоотой асуудлыг  Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгах, гэм буруутайд  тооцсон явдал нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах  зарчимд нийцэхгүй байна. 

9."Худал мэдээлэл  тараах” гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол хүлээн авах, шалгах, шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т  заасан журмаар шийдвэрлэгдэх иргэний маргааны шинжтэй  бол энэ төрлийн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх, ийм шинж бүхий эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байх, цаашид хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуульд заасан  “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Иргэний хуулийн 21 дүгээр  зүйлийн 21.2-т заасан журмаар шийдвэрлэгдэх хэрэг маргааныг зөв ялган зүйлчлэх, иргэний шинжтэй маргааныг эрүүгийн журмаар шалгахгүй байх, эрүүгийн хариуцлагад татахгүй байх  шаардлагатай байна.

10.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлд заасан “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт 2020 онд 11 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас  есөн хэргийг хааж, хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн ч яллах дүгнэлт үйлдсэн хэрэг байхгүй байв.  2020 онд шүүхээр уг зүйл ангиар нэг ч хэрэг хянан шийдвэрлээгүй гэсэн дүн мэдээ байна. Энэ талаар эндээс http://baabar.mn/article/ungursun-songuuliar-neg-ch-khudal-medeelel-taraakh-gemt-khereg-garaagui үзнэ үү 

11.Бусдын нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцох болсон. Уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” хэмээн обьектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг “бүрхэгдүүлж”, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн тодорхойлоогүй, “халдсан” гэсэн хэт ерөнхий нэр томьёог хэрэглэсэн явдал нь хууль бүтээх ажиллагааны алдаа болж, хууль хэрэглээ, шүүхийн практикт сөрөг үр дагавар үүсгэж буй гол шалтгаан болсон гэж үзэх үндэстэй юм. Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хэрхэн хуульчилсан талаар эндээс http://www.baabar.mn/article/khudal-medeelel-taraakh-gemt-khergiig-kherkhen-khuulichilsan-be дэлгэрүүлэн үзнэ үү.

 

Ашигласан эх сурвалж:

Нээлттэй нийгэм форум, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, "Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик" (Илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал) бодлогын судалгааны тайлан, УБ, 2021 он


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин