• Эхлэл
  • Шадар сайд аа! “МИК”-ийг тараачих уу, хураачих уу

Шадар сайд аа! “МИК”-ийг тараачих уу, хураачих уу

2022/04/18

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 14-ний өдөр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Түүний мэдээлэл орон сууцны зээлийн хүүд санаа тавихаасаа илүүтэй “МИК ОССК” гэдэг байгууллагын эсрэг чиглэсэн байв. Энэ нь түүний Хотын даргаар ажиллаж байсан үеийн мэдээлэлдээ түшиглэж ташаа тоо баримт ашигласнаас харагдсан юм. Тухайлбал “МИК иргэдэд олгодог 6 хувийн зээлээс 1.6 хувийг нь авчихдаг” мэтээр ор үндэслэлгүй хариуцлагагүй мэтээр мэдээлсэн, ХХБ, Улаанбаатар банкны  МИК дэх хувь 50 гаруй хувьтай байгаа гэж санаатай, санаандгүй хэлэх зэргээр уг мэдээллийг яаран сандран хийхийн тулд мэдээллээ нягтлаагүй “дайралт хийх” нь анхаарал татлаа.

Учир нь Улаанбаатар банк 2020 оны 6 дугаар сард ХХБ-нд хуулийн дагуу нэгтгэгдээд “байхгүй болсон”, ХХБ-ны МИК ОССК-д эзэмшдэг хувийг ганцхан утасдаад эсвэл веб сайт руу нь ороод 9.9 хувь эзэмшдэг гэдгийг Төрийн сайдын хувиар түргэн шуурхай мэдчих боломж хангалттай байсан. Олон нийтээрээ анзаарснаар түүний мэдээллийн дараа “МИК муухай шулаач, ер нь тэр тогтолцоог нураах ёстой” байсан биз ээ. Юуны өмнө түүнийг мэдээлэл хийсний ердөө маргааш нь Монголын хөрөнгийн бирж дээр “МИК”-ийн хувьцаа 13.01 хувиар буурч хамгийн их уналттай хувьцаагаар нэрлэгдэж мэдээлэгдсэнийг биржийн сайтаас харж болно. Энэ нь TOP-20 индекст багтдаг, манай зах зээлийн үнэлгээ 300 гаруй тэрбум төгрөг болчихсон боловч С.Амарсайхан сайдын мэдэгдлээс хойш энэ үнэлгээ  13 хувиар унасан гэдэг нь 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн үг. Монголоос өөр оронд бол хэн нэг сайд нь хариуцлагагүй үг хэлснээсээ болж компанийн хувьцааны ханшийг уналтад оруулсан бол огцрох хариуцлага хүлээх байсан биз. Ямартай ч Шадар сайдын үг “МИК-ийг нураах уу, хураах уу” гэдэг нь цаг хугацааны асуудал болжээ гэсэн хардлага, таамаглалд хүргэлээ.

 Сайд аа, “МИК”-гүй болчихвол гоё юм биш үү?

С.Амарсайхан сайдын үгэнд “гоё юм” бас бий л дээ. Жишээ нь үнэхээр Шадар сайдын үг биелэлээ олж МИК-ийн тогтолцоог төр минь “нураан унагаж” чадвал орон сууцны үнэ ханш буурч мэдэх юм. Яагаад гэвэл “МИК” зээлийн эрсдлийг хариуцаж “тэнэгтэхгүй” учраас арилжааны банкууд тэрхүү урт хугацаатай, өндөр эрсдэлтэй зээлийг олгохыг хүсэхгүй байж бас болно. Тэгвэл банкнаас өөр “хэн нэгэн”, эсвэл хэсэг иргэн орон сууцыг бэлэн мөнгөөр шууд худалддаг болж болох юм. Өнөөдөр “МИК ОССК” ипотекийн зээлийг санхүүжүүлж байгаа бол цаашид Төр мөнгө хэвлэж санхүүжүүлнэ биз. Хэдүүлээ ер нь “нураах”, “хураах” хоббитой энэ Засгийн газрын үед ийм туршилт хийгээд үзэж болох юм биш үү? Орон сууцны үнэ ханш буураад аятайхан ч байж болох юм. 

Яагаад орон сууцны үнэ ханш буурах вэ гэхээр Монголын төрийн “гийгүүлж” өгөөд байдаг 8 хувийн хүүг 6 хувь болгоно гэгч “мэргэн санаа”, халамж анхаарал нь эсрэгээрээ орон сууцны үнэ ханшийг, тэр ч байтугай барилгын материалын үнэ ханшийг зад хөөрөгддөгийг бодит байдал дээр олон жил харлаа шүү дээ. Зээлийн хүү буурсан гэх шийдвэр гармагц зээлийн эрэлт нэмэгдэж орон сууцны м.кв-ын үнэ өсөж, авч чадах талбайн хэмжээ буурч байна. Гэтэл “Ноён Төр”Орон сууцны үнэ ханшийг бид хянаж барьж чадахгүй, боломжгүй. Ингэснээр тухайн иргэн м.кв дунджаар 1.9 сая төгрөгөөр авдаг байсан байр 2.5 сая төгрөгөөр авдаг болсон. Иргэнд ирдэг дарамт яагаад нэмэгдээд байна вэ гэвэл урьдчилгаа төлбөрийг бууруулахаар авч байгаа зээлийн хэмжээ ихэсч байгаа учраас төлбөр нэмэгддэг. Жишээ нь иргэн А өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлөөд 70 хувийн зээл төлдөг. Гэтэл урьдчилгаа төлбөрийг бууруулж 10 хувь болгосноор иргэн А нь 90 хувийн зээлийг төлөх буюу банкныханд хүүлүүлэх хэмжээ өсдөг. Энэ нь иргэн А-д давуу тал биш хүүгийн дарамт болдог. Наад зах нь 8 хувийн зээлийг 6 хувь болгосноор зээлдэгчийн сард төлдөгтөлөлтийн хэмжээ өссөн байна. Сард 450 мянган төгрөг төлдөг байснаа 550 мянган төгрөг төлдөг болж өссөн байна. Тэгэхээр бодлогоо буруу хийснээр үр дүн нь иргэндээ сөргөөр тусаад улам хүндрэлд оруулаад байна. 

Зөвхөн С.Амарсайхан сайд ч гэлтгүй ер нь төрийн дутуу бодсон бодлого, популист шийдвэр юунд хүргэдэгтэй холбогдуулан нэгэн жишээ дурдъя. Энэтхэгийн нэгэн хотод гудамжинд хорт могой тааралдах нь ихэсчээ. Үүнээс үүдэн нэгэн улстөрч хорт могойг үнэлж худалдаж авах санаа сэджээ. Богино хугацаанд үзүүлсэн үр дүн нь мэдээж хорт могой гудамжинд үзэгдэх нь цөөрсөн. Гэтэл хорт могой тэжээгчид гарч ирсэн. Өөрсдөө үржүүлээд аваачиж тушаагаад мөнгө олж эхэлсэн. Улстөрчид ойлгонгуутаа одоо хорт могойг үнэлж худалдаж авахаа болилоо гэхэд хорт могой тэжээгчид үржүүлж цуглуулсан хорт могойнуудаа гудамжинд шидчихсэн. Өмнөхөөсөө их хорт могойтой болчихжээ. Нэг иймэрхүү л “бодлого” бодчихоод зарлаад байдаг боллоо. Гэхдээ сайддаа сануулж хэлэхэд орон сууцны зээлийн хүү нэмнэ үү, буурна уу “МИК”-д хамаагүй.

 “МИК” үнэт цаас гаргах зорилгоор банкнаас ипотекийн зээлийг тусгай зориулалтын компаниар дамжуулан худалдаж авснаар “ипотекийн зээл”-тэй холбогддог. Иргэнд очих замд огт оролцоогүй тул шимтгэл хураамж авах боломжгүй юм. Хуулиараа МИК ОССК арилжааныбанктай гэрээ хийдэггүй. Харин арилжааны банкуудаас ипотекийн зээлийн багцийг цуглуулсан тусгай зориулалтын компанитай гэрээ хийдэг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд баталгаат үнэт цаасыг хэн гаргах вэ гэхээр тусгай зориулалтын компани гаргана гээд заачихсан байдаг. Ингэснээр “МИК” тусгай зориулалтын компаниудтай гэрээ байгуулж хөрөнгийг нь удирдах, тодорхой зардлыг гаргуулах, 0.3-0.5 хувийн шимтгэл авахаар тохиролцдог. Өөрөөр хэлбэл тусгай зориулалтын компани дээр байгаа зээлийн багцуудыг ипотекийн зээлээр баталгаажсан бонд болгох ажлыг хийдэг байна. Бонд гаргахтай холбоотой зардлыг тусгай зориулалтын компани өөрөө гаргана. Тухайн тусгай зориулалтын компани нь зээлийн эрсдлийг өөр дээрээ хүлээж авсан учраас эрсдлийн сан байгуулж нөөцийн санг 1% байгуулдаг нь олон улсад байдаг сайн жишиг. Тэр нөөц сан нь ирээдүйд гарах төлбөрүүдийг төлөх зорилгоор өнөөдрөөс эхлээд мөнгө хуримтлуулж байгаа хэрэг. Энэ бол дэлхийн жишгийн дагуу хийгддэг зүйл. Тэгмэгц Төр маань “тусгай зориулалтын компаниудыг авчихъя” гэх мэргэн санаа сэдэж дахин шоолуулах вий. Тэр чинь хуулиараа ажилтантай байж болдоггүй, шийдвэр гаргахын тулд ТУЗ-тай л байж болдог “роботууд” ажилладаг юм шиг компани байдаг юм билээ. 

 Арай “МИК гоё бизнес” учраас шунаад байгаа юм биш биз?

Шадар сайдын хэлсэн үг дотор нэг “сонирхол” анзаарагдсан. Тэр нь “МИК” Төрийн хамааралгүй байна гэсэн гоморхол. Уг нь их энгийн шүү дээ. Хувьцаат компани хувьцаагаа биржээр арилжаалж байхад Төр хувьцааг нь цуглуулаад л эзэмшчихэж болно. Эсвэл “худалдаж авахгүйгээр” эзэмдэх гээд байгаа юм уу? Арай үгүй биз дээ? Наад “хүсэшгүй” бизнесийг чинь бараг аймшгийн мангас шахуу байхад нь арилжааны банкууд нүдээ аниад хүчээр татагдан орсон байдаг юм. Дүрмийн сангаа нэмэх бүрт нь ХХБ, Улаанбаатар, Капитал банкуудаас бусад нь тэгтлээ нэмдэггүй хувь эзэмшил нь хэвээрээ л байж. Тэр орон зайн дээр бусад компани, хувь хүмүүс, гадаадын иргэд хүртэл орж хувь эзэмшсэн. Монголын хуульд заасны л дагуу тэр шүү дээ. Ингээд унаж бүдэрсээр үйл ажиллагаа нь жигдрээд дэлхийн ипотекийн жишгээр дэнжигнээд босоод ирэхээр нь “Энд чинь яагаад төр оролцоогүй байдаг билээ” гээд дайрах нь зөв үү? 

Та бүхэн санаж байгаа бол ОУВС 2017 онд “Орон сууцны зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр нь Монголбанк байх ёсгүй. Засгийн газар, Сангийн яам эх үүсвэр гаргаж болно. Монголбанк орон сууцны зээлийн хөтөлбөрт дахиад мөнгө бүү зарцуул” гэсэн чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойшхи орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилтыг Монголбанк олгохдоо МИК-ийн бондын эргэн төлөлтөөс санхүүжүүлж иржээ. Анх 2015 онд IPO хийсний дараа 4тэрбум төгрөг, түүний дараагийн жилд 9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан зэргээс жигтэйхэн өндөр ашиг олдог мэт сэтгэгдэл төрүүлсэн байж болно. Энэ бол хөрөнгийг зах зээл дээр хийсэн зөв менежментийн үр дүн байх. 

Одоогоор “МИК”-ийн дүрмийн сан өөрийн хөрөнгийн хэмжээ 70 орчим тэрбум төгрөг байна. Банкуудаас “Хаан” банк анх оруулснаас хойш хэвээрээ буюу өнөөдрийн байдлаар 2 хүрэхгүй хувийг эзэмшдэг. Гэхдээ Хаан банк орон нутагт олон салбартай учраас “МИК”-ийн худалдаж авч байгаа зээлийн хамгийн том хэсгийг буюу 30 гаруй хувийг нь оруулж ирдэг. “Голомт” нийт зээлийн банкийн 27 хувийг эзлэх хэмжээний зээлийн багцийг тэдэнд зардаг юм билээ. Арай энэ бүхнээс үүдээд, дээр нь “Арван их наядын хөтөлбөр” доторх барилга, орон сууцтай холбоотой санхүүжилтийн эх үүсвэр, “Залуучууд” хороолол, орон нутаг дахь барилгажилтын ажилтай холбоотой нутаг усныхны ашиг сонирхол яваад байгаа юм биш биз? Сайн сайхныг авчирч өгч мэдэх ч нураасан тохиолдолд олон айлын амьжиргаатай холбоотой сэдэв учраас болгоомжтой л хандаарай гэж эцэст нь дахин захья.

Нийтлэлч У.Оргилмаа 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин