• Эхлэл
  • Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо

Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо

2022/01/12

 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо

Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо. 

Үүнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл ачаа тээвэрлэх 50-иас доошгүй чингэлэг хэрэгслийг түрээслэх, автомашины техникийн бэлэн байдлыг хангах, чингэлэг шилжүүлэх ачих талбайд нэвтрэх ажилтнууд болон төрийн тусгай албан хаагч жолооч нарыг тусгаарлах, тэдний амьдрах орчинд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна. 

Өнөөдрийн хуралдааны  товч мэдээг хүргэж байна. 

  • Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна.
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
  • “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 18-19-нд болно. Тус хуралдааныг цахимаар зохион байгуулна.  
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталлаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арван хоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
  • Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд тус комиссыг даргална.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин