Үнэн гэж ер нь юу вэ?
Үл хувирах, абсолют (туйлын) үнэн гэж байдаг юм уу?
ー Абсолют үнэн гэж байдаггүй юм аа. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь хүн бүрийн хувьд харилцан адилгүй юм шүү дээ.
Юу юугүй толгой эргүүлсэн яриа гараад ирэв үү? (хэхэ)
Дээрх байдлаар абсолют үнэнийг үгүйсгэж, “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэх үзлийг Харьцангуй үзэл гэж нэрлэдэг. Чухамдаа, хүн төрөлхтөн үнэний тухай анхлан бясалгаж, хамгийн түрүүнд тулж очсон нь энэхүү Харьцангуй үзэл гэх барих барьцгүй дүгнэлт байсан юм.
Энэ бол “нийтийн тооллын өмнөх (НТӨ)” гэгдэх балар эртний цаг үе байв. Тэртээх хуучин цагт хүмүүс орчин тойрныхоо үл ойлгогдох зүйлсээ бүгдийг нь "Үлгэр домгоор" тайлбарлан аргацаадаг байжээ. Юу гэхээр
ー Яагаад юм бүү мэд. Ямар ч байсан л бурхан ингэчхэж
гэх байдлаар бүхнийг ойлгодог байсан хэрэг. Жишээлбэл,
ー Аянга яагаад цахидаг юм бэ?
гэсэн хачирхал гарч ирвэл
ー Наад ууланд чинь амьдардаг бурхан эхнэрээ араар нь тавьж байгаад баригдаад, бангадуулсан байхгүй юу.
гэх маягаар тайлбарлаад ойлгочихно.
Өнөөгийн бид ийм тайлбар сонсвол
ー Ийм тайлбар гэж юу байсан юм. Ямар хүүхэд хуурч байгаа биш дээ.
гээд шоолоод өнгөрч магадгүй л байх. Харин тухайн цаг үед иймэрхүү үлгэр домгийг “Үнэн юм болов уу?” гэж эргэлзэх нь тун ч боломжгүй явдал байсан юм. Яагаад гэвэл аав нь ч, өвөө нь ч, элэнц нь ч гээд олон үеэрээ тууштай итгэж явсан зүйлийг хар багаасаа үргэлж сонсож заалгаж, түүгээр хүмүүжиж, тархиа дүүргэж хүн болчхоор чинь хэрхэн яаж түүндээ эргэлзэж чадах билээ? Нэг үгээр хэлбэл, тухайн цаг үед үлгэр домог гээч нь өвөг дээдсээс өвлөгдөн дамжигдаж ирсэн “нийтлэг сургаал” буюу “ердийн ойлголт” байсан хэрэг юм.
Тиймээс “Энэ үлгэр чинь худлаа юм байна” гэх явдал хэзээ ч гарах учиргүй. Үүнийг зүйрлэвэл “Дэлхий бол огторгуйн дунд хөвөн орших цэнхэр гариг юм” гэх бидний ердийн ойлголтыг “Наадах чинь худлаа” гэж буйтай л адилхан сонсогдоно. Энэ хэрвээ худлаа байсан гэвэл бидний өвөг эцэг, тэгээд бид бас өдийг хүртэл юу хийж явсан хэрэг болох вэ? Тийм юм гэж байх учиргүй! Хэрхэвч байж таарахгүй!!!
Гэвч удалгүй хүн төрөлхтөн тэрхүү “үлгэрт итгэх бат итгэл” нь нуран унах цаг үетэй золгох болно. Тэгэх болсон шалтгаан нь газар тариалан байлаа. Ан гөрөөнөөс газар тариалангийн аж ахуй тийш хийсэн шилжилт. Төдийг хүртэл ан хийж өдөр өдрийн хоолоо залгуулдаг байсан хүмүүс газар тариалангийн ачаар тогтмол их хэмжээний хүнс хураах боломжтой болов. Хүнс хангалттай байснаар олон хүүхэд төрүүлж өсгөх боломжтой болно. Газар тариалангийн нөлөөгөөр хүмүүсийн тоо эрс өсөж, тосгоноос суурин, суурингаас хот үүсгэн хөгжин дэвжиж, тийнхүү хот улсууд (полис) бий болох хүртэл хэмжээнд хүрч очжээ.
Тэндээс хот улсууд нь ч бас цагийн эрхээр томорч тэлсээр, эцэстээ холын тэртээ орших бусад хот улсуудтай холилдохуйц болж ирэв. Нэг ёсондоо “төдийг хүртэл хэзээ ч хоорондоо уулзаж учирч байгаагүй холын хүмүүс харилцан нүүр тулж, харилцаа тогтоох болсон” гэх хүний түүхэн дэх цоо шинэ үзэгдэл өрнөх болов.
Яг тэр үеэс үлгэр домогт итгэгч хүн төрөлхтний хувьд “туйлын хачирхалтай фактууд” анзаарагдах болж гэнэ. Тэр бол “Улс болгонд үлгэр домгийнх нь агуулга харилцан өөр” гэх цочирдмоор бодит байдал байлаа.
ー Аянга чинь нөгөө, тэр уулын бурхан эхнэрээсээ банга хүртэхээр цахидаг тээ?
ー Юу? Манай улсад лав тэгж ярьдаггүй дээ. Бурхан чөтгөрийг дарах гээд аварга лантуугаар дэлсэхээр цахидаг гэдэг байх шүү.
ー Алив байз!! Манай улсынх тэгвэл бүүр шал өөр юм байна...?!?
Ийм байдлаар газар газрын ярианууд зөрөлдөн байх дундаас, хүмүүс бага багаар нэгэн зүйлийг ойлгож эхлэх нь тэр.
ー Үгүй ээ, ер нь?! Аягүй бол энэ үлгэр домгууд чинь бүгдээрээ худлаа юм биш биз?!?
Төдийг хүртэл өөрсдийн улсдаа “абсолют үнэн” гэж итгэгдэж байсан сургаал хийгээд ердийн мэдлэгүүд. Тэр нь бүхлээрээ хов хоосон зохиомол панал төдий болох нь илрэх тэр агшны гүн шокийг төсөөлөх гээд нэг үз дээ. Тэд үнэхээр хүнд цохилтод оров.
Цаашлаад үлгэр домгоор ч тогтохгүй, “Ариун ёс гэж юу вэ?” гэх үнэлэмжийн хэмжүүр ч, “Юу гэмт хэрэг вэ?” гэх хууль ч улс болгоны хувьд харилцан өөр болохыг хүмүүс анзаарч эхлэв.
Жишээ нь, нэг улсад өшөө авах нь гайхамшигтай баатарлаг үйл хэрэг хэмээгдэж байхад, өөр нэг улсад өс хонзондоо галзуурсан муу алуурчин гэгдэн ад үзэгдэх гэмт хэрэгт тооцогдоно. Ив ижилхэн үйлдэл атал хаана болсноосоо хамаараад ариун явдал эсвэл гэмт хэрэг ч болно.
Иймэрхүү ялгаа зөрүүг нүднийхээ өмнө хараад хэнд ч болов “өөрийн улсад абсолют гэгдэж байсан үнэнд” эргэлзэх сэтгэл төрөх биз. Тэгээд нэг мэдэх нь ээ “Абсолют хөдөлшгүй үнэн гэж байдаггүй юм байна” гэсэн ойлголттой болцгоож, “Юу зөв, юу үнэн гэх зэрэг бол эцсийн эцэст хэн, хаана, хэзээ гэдгээс хамааран өөрчлөгдөж байдаг харьцангуй шинжтэй эд юм байна” гэх Харьцангуй үзлийн дүгнэлтэд хүрч очжээ.
Хүн бол бүх юмсын хэмжүүр
“Үлгэр домог” хэмээх абсолют үнэлэмжийн хэмжүүр нуран унасан тэрхүү цаг үед Харьцангуй үзлийг төлөөлж Протагор (НТӨ 485 - 410) хэмээх философич төрөн гарав.
Тэрээр “Хүн бол бүх юмсын хэмжүүр” хэмээн айлдав.
Жишээ нь, аяган доторх ус таны хувьд “хүйтэн” байжээ гэж бодъё. Тэр үед та “Аяган дотор хүйтэн ус байна” гэж баттай хэлж чадах уу? Үнэнийг хэлбэл, гарцаагүй таныхаар байх албагүй юм. Учир нь хойд туйлын мөсөн хунгар дунд байгаа хүн яг тэр усыг чинь “Бүлээн” гэж мэдэрч ч магадгүй шүү дээ. Энэ мэтээр ердөө усны хүйтэн халууны тухай ярихад л тэр нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байх бөгөөд усыг “бүлээн (эсвэл хүйтэн)” гэж абсолютаар дүгнэх ямар ч боломжгүй юм.
Үүнтэй адилаар “сайн, муу” мэтийн ухагдахууны тухайд ч хүн бүрийн хувьд харилцан адилгүй бөгөөд эцэслэн дүгнэх ямар ч боломжгүй гэж Протагор үзэв. Иймэрхүү ухагдахуунууд бол хувь хүн болгон өөрийн хэмжүүрээр (үнэ цэний мэдрэмжээрээ) зоргоороо дүгнэж хэлдэг зүйлс тул “Чи маш буруу юм хийж байна!!” мэтийн үг хэлэх нь ердөө л өөрийн хэмжүүрээ бусдад тулгах гэсэн муйхар оролдлого юм гэнэ.
Тэгтэл Протагорын энэхүү Харьцангуй үзлийн философи нь ялангуяа тухайн үеийн улс төрчдийн дунд тун өргөн тархав. Учир юу гэвэл, Протагорын амьдарч асан үеийн эртний Грекэд задгай талбайд олон түмний өмнө улс төрчид нээлттэйгээр мэтгэлцэх заншил байсан ба Протагорын Харьцангуй үзлийн философи нь тиймэрхүү талбарт өрсөлдөгчөө дарахад тун боломжийн техник болдог байжээ.
Үнэхээр ч харьцангуй үзлийг ашиглан “үнэлэмжийн хэмжүүрийг” эвтэйхэн шиг өөрчилж чадвал ямар ч “хүйтэн ус” байлаа гээд харьцангуйгаар “халуун ус” болгож болдгийн адилаар, ямар ч “хөгийн санааг” харьцангуйгаар “гайхамшигтай санаа” болгон харагдуулж болно. Эсрэгээрээ, өрсөлдөгчийнхөө хэлсэн ямар ч “гайхамшигтай санааг” хөгийн санаа болгон шившиглэж ч болно. Жишээ нь “Харь, буурай орныг байлдан эзэлж, хүн ардыг нь боолчлон захиръя” гэх нь ачир дээрээ хөгийн санаа мэт байвч
ー Иргэншлээс хоцрогдсон хөөрхий харанхуй бүдүүлэг харийн хүмүүсийг өндөр соёлт өөрсдийн Грекдээ авчирч аварцгаая!!
гэх маягаар нулимс дуслуулан байж хашгирахад л туйлын “гайхамшигтай санаа” болж сонсогдож байгаа биз? Харин эсрэгээрээ өрсөлдөгч нь өөдөөс нь
ー Ямар хүний үнэргүй новш вэ! Тэднийг өөрийнхөө гэр бүлийн оронд тавиад үзээч. Гэр бүлдээ чи тэгж хандаж чадна гэж үү?
гээд нулимс цувуулан хашгираад л байж боломгүй “хөгийн санаа” болгож харагдуулах жишээтэй юм.
Тухайн үеийн Грек нь ардчилсан тогтолцоот төртэй байсан тул улс төрчид сонгуулийн эрх мэдэл бүхий ард олны өмнө өрсөлдөгчдөө мад тавиулан шившгээ хутгаад байж тун болохгүй. Тийм ч учраас ямар ч санааг хөмрүүлж, цагааныг хар, харыг цагаан болгон харуулж болдог Протагорын Харьцангуй үзлийн философи нь мэтгэлцээний урлагийн хамгийн хүчтэй арга техник гэгдэн чухалчлагдах болов.
Тэгээд Харьцангуй үзлийн философийг гүнзгийрүүлэн суралцъя хэмээн олон улс төрч Протагор руу шавалдах болж, үр дүнд нь Протагорын сургалтын төлбөр хаданд гарах нь тэр. Зарим яриагаар түүний ганц удаагийн хичээлийн орлого нь хороо цэрэг худалдан авахад хүрэлцэхүйц байсан гэдэг.
Ийм цаг үеийн дэвсгэр дээр эртний гэгдэх тэр ертөнцөд Протагорын философи өргөн дэлгэрч, нийгмийн уур амьсгал нэлэнхүйдээ “Хүн бүр харилцан адилгүй” гэсэн Харьцангуй үзэл тийш хэлбийжээ.
Өнөөгийн хүмүүсийн баримжаагаар бодоход, эрт балрын хүмүүс гэж мухар сүсэгт баригдсан “хөлдүү” толгойтой, харин орчин цагийн хүмүүс бол бүхнийг өргөн хүрээнд харж, аливааг наанатай цаанатай (харьцангуйгаар) авч үзэх чадвартай... юм шиг санагдах авч үнэндээ энэ бол тэс эндүү төсөөлөл. “Үнэлэмжийн хэмжүүр бол хүн бүрийн хувьд харилцан өөр” гэх Харьцангуй үзлийн сэтгэлгээ энэ тэр бол хүн төрөлхтөн тэртээх 2,500 жилийн өмнө хэдийнэ дайраад өнгөрчихсөн замын өртөө юм л даа.
ЭХ СУРВАЛЖ:BAABAR.MN
Сэтгэгдэл байхгүй байна