• Эхлэл
  • Ковидын хохирогч шүүхэд ялалт байгууллаа

Ковидын хохирогч шүүхэд ялалт байгууллаа

2022/10/01

Ковидын хөл хорионы үед “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, шүгэл үлээж байсан иргэн Д.Мөнхбатыг худал мэдээлэл түгээсэн хэргээр шүүхэд дуудсан байдаг. Тэрээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ялалт байгуулсан ч прокуророос шүүхийн шийдвэрийг хүлээж авалгүй, гомдол гаргасан.

Энэ талаар иргэн Д.Мөнхбат долдугаар сарын 23-ны өдөр "Миний ялсан шүүхийн шийдвэрт прокурор гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүх рүү шилжлээ. Хохирсон иргэдээсээ уучлал гуйж чадахгүй харин бүр гомдол гаргаад байдаг хачирхалтай засаг. Зөрчлийн, эрүүгийн, иргэний хэрэг гээд явж өгч байна даа. Эцсийг нь үзнэ ээ" хэмээн нийтэлж байв. 

Тэгвэл прокурорын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хуралд шүгэл үлээгч, иргэн Д.Мөнхбат ялалт байгуулжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Иргэн нь засгийг ялчихлаа гэж. Миний хүндэлж явдаг нэгэн уран бүтээлж хэлэхдээ "Үнэнээс бүгд айдаг тул зөөлөн хандаарай" гэж билээ. Үнэн, зөв байсны шагнал болж бид өнөөдөр яллаа. Зөрчлийн хэрэг ялалт, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэрэг 2 шатны шүүх дээр ялалт. Нийт 2 жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн яллаа.

Манай хоёр өмгөөлөгч үнэхэр мундаг юмаа, бахархаад баршгүй ээ. Fidelitas Partners намайг ямарч үнэ төлбөргүй өмгөөллөө. Шударга ёсыг сахиулах ариун үйлд нь амжилтын дээдийг хүсэж байна" хэмээжээ.

Fidelitas Partners хуулийн фирм цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг хэрэгжүүлсэн #ЭрхээЭдэлье аяны хүрээнд эх орондоо ирээд Энхсаран сувилалд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэн Д.Мөнхбатын гэм хорын хохирол нэхэмжлэх иргэний хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, ийн ялалт байгуулсан байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдрийн шүүх хурлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол гаргуулахаар шийдсэн. Гэвч төрийг төлөөлж гуравдагч этгээдээр оролцсон прокурор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцэв.

Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хангаж шийдсэн хохирлын дүнд бага хэмжээний өөрчлөлт оруулж, Д.Мөнхбатын хохирол нэхэмжлэх эрхийг хамгаалсан шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин