Нэмэлт мэдээлэл: 2023.08-ны 08 цаг: Нислэгийн зөвшөөрлөө хүлээж байсан Монголын баг үүрээр Туркийг зорин нислээ. Турк дахь ЭСЯ Монгол иргэдтэйг холбогдох ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Pazarcik хэмээх хотод гэр бүлийн хоёр монгол ажиллаж амьдарч байгаа олж сурвалжлан тогтоон тэдэнтэй холбоо барьсан байна. Монгол гэр бүлийн нөхөр нь англи хэлний багш, тэнд ажиллаж амьдардаг, газар хөдлөлтөнд ямар нэгэн байдлаар өртөөгүй, аюлугүй байгаа юм байна.
Аденд байсан Монгол оюутныг Истанбулд ирүүлэхээр боллоо
Турк, Сири улсад болсон газар хөдлөлтөд 5151 хүн амиа алдаж, эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Туркт байгаа эх сурвалжийн мэдээлснээр бол одоо ч чичирхийлэлт мэдрэгдэж, иргэдийг байрнаас нь гарган урьдчилан сэргийлж байгаа гэнэ. Монголчууд олноор зорчдог, 6000 гаруй монгол иргэн амьдардаг Турк улсад ийн аймшигтай нөхцөл байдал үүсээд байгаа учраас монголчууд ч мөн сэтгэл зовинон, манай иргэд өртсөн эсэх талаарх асуултыг хамгийн түрүүнд тавьсан. Гадаад хэргийн яамнаас Монголын иргэн газар хөдлөлтөд өртсөн, гэмтсэн тохиолдол гараагүй гэж мэдээлээд байгаа.
Бүгд найрамдах Турк улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Истанбул дахь консулын газар яаралтай ажиллаж, Монгол иргэдтэйгээ боломжтой хэлбэрээр холбогдон, анхааруулга сэрэмжлүүлэг өгч, Туркийн талын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Газар хөдлөлт Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сирийн хил орчим буюу монголчууд тэр бүр амьдардаггүй газар болсон тул одоогоор ноцтой асуудал үүсээгүй гэж байгаа юм.
Өнөөдөр \2023.02.07\ Анкарагийн цагаар 18.30 Улаанбаатарын цагаар 21.30 цагт Турк дахь Элчин сайдын яамтай холбогдоход
-Одоогоор Монголын иргэдээс ямар нэгэн байдлаар газар хөдлөлтөд өртсөн хүн байхгүй. Гамшгийн байдал зарлаад байгаа 10 мужид монголчууд харьцангуй цөөн байдаг. Хүчтэй газар хөдлөлтийн нөхцөлд байгаа 5 мужаас гадна арай бага эрсдэлтэй нөхцөлд байгаа Элази хотод хоёр, Аден хотод нэг оюутан, мөн тус улсын иргэнтэй гэр бүл болсон нэг монгол эмэгтэй байгаа. Бид бүгдтэй нь холбоо тогтоон ажиллаж байгаа. Элазид байгаа хоёр оюутан гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөд харьцангуй аюул багатай, найдвартай дотуур байранд байгаа учраас тэндээ байхаар шийдсэн. Аден хотод байсан оюутан Истанбул руу ирэхээр тийзээ авсан, удахгүй нисч ирнэ. Истанбулд шилжин ирж байгаа хүмүүс, оюутнууд байрлах байранд байрлуулна. Бид бүх боломжоороо энд байгаа иргэд, оюутнуудтайгаа холбогдож ажиллаж байгаа гэлээ.
Одоогоор Турк улс гамшгийн онцгой нөхцөл зарлан, хэдийгээр сонгууль дөхөж байгаа боловч парламент нь завсарлага аван гишүүд нь онцгой нөхцөлтэй газруудад очиж ажиллаж байгаа аж. Туркийн иргэдийн хувьд байгалийн гамшигт нэрвэгсдэд туслах хөдөлгөөнд нэгдэн, цусны донор болох, хоол хүнс цуглуулах гэх мэтээр улс үндэстнээрээ гамшгийг давахаар нэгдэж байна гэж тэнд байгаа эх сурвалж ярилаа.
Олон улсын зүгээс ч гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслахаар нэгдэж байна. Монгол Улсын зүгээс гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлэн, Засгийн газрын зүгээс яаралтай тусламж илгээхээ илэрхийлсэн билээ.
Үүнд Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг илгээхээр бэлтгэлээ хангаж байна.
Эмч, аврагчдын баг Турк улсад очихын тулд хэд, хэдэн улсыг дайран өнгөрөх учраас одоогоор тэдгээр орнуудаас нислэгийн зөвшөөрөл авахаар Гадаад харилцааны яам ажиллаж байна.
Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээх юм.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна