• Эхлэл
  • Дүрмээр бус бяраар АН-ыг эзэгнэх аархал

Дүрмээр бус бяраар АН-ыг эзэгнэх аархал

2023/03/17

Нийтлэлч Ц.Доржготовын нийтлэлийг хүргэж байна.

(АН-ын маргааны шийд гонсойлгосон тул хуучин бичвэрээ байршуулав)

Ноёлох оргилоос гомдолтой годройтсон Х.Баттулга хонзогнохдоо хууль журам нулимж, бэртэгчин хүслээ хар муйхраар ил далд өрнүүлэв. Тэр булхайгаар ялж амташсан самбоч. Тушаалтай дэрвэж явахдаа аймшиггүй үйлдсэн хулгайнхаа мөрийг арилгахгүй бол тушаатай дэгэх цагт баларна гэж айсан биз. Арьсаа хамгаалахад АН-ын даргын сэнтий хуяг. Тэр өөрийн гаршсан арга-тушаал төслөөр рекетчдийг урхидаж зузаарав. Эрх мэдэл мөнгөнд нугасгүй цөөврүүд түүнийг АН-ын даргад залаад ивээлд нь багтаж зад баяжихаар улайран хамгааллаа. Х.Баттулгын дүрэмгүй дайралтад АН-ын удирдлага шившигтэй хагарсан нь онол-үнэт зүйлстээ итгэл үнэмшлээр бат нэгдээгүйгээс гадна дор бүрнээ тушаал ахих шунал тээж явдаг нь нөлөөлөв.

Ардчилал гэж хоосон мангарлагчид юугаа ч мэдэхгүй нэг бол Х.Баттулгын их хуралд мянгаараа, нөгөө бол С.Эрдэнийнхэд мянгаараа цугларна. Их хурлын төлөөлөгч хэмээн нийслэлд хоол зочид буудал гээд тансаглах хөдөөнийхөнд супер хожоо. Намын үзэл бүү хэл өөрийнхөө үзлийг ч тэд мэдэхгүй. Х.Баттулгын хурал дээр С.Эрдэнийг бут авна, С.Эрдэнийнх дээр Х.Баттулгыг зад авна. Аль ч намын гишүүд иймэрхүү болоо юу даа.

АН-ын даргын төлөөх галын шугамд торгуулийн сумангийнхан өлсөж үхэхээ зарлаж тэсгим жаварт хүйтэн цемент дээр хэд хоног хөсрий царайлж хэвтлээ. Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал бие даагч Н.Алтанхуяг, босоо Гамбаа, баруун аймгийн Ш.Адьшаа, Баянхонгорын А.Адьяасүрэн, халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал О.Цогтгэрэл нар. Хачирхалтай нь тэд юуны төлөө өлссөнөө зарлахдаа будилж, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз, утга мохоо мэдэгдэл хиймчээ аядсанд ардчилагдаж яваа нийгэм тохуурхлаа гэж бухимдаж байв даа.

Даргын сэнтий дүрэм бусаар авах гэж балиарсан нь олны дургүй хүргэсэн тул тэд нөгөө талаа гутааж, олны нүдэнд ижилсэхээр “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх дүгнэлт орон даяар цацав. Ижилсүүлж дөнгөвөл хоёул буруутай харагдаж, хэрэлдэгч талууд гарааны зураанд зэрэгцэж жагсана гэж Х.Баттулгын тал тооцжээ. 

С.Эрдэнэ муу ч хүн бай дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т эрхбиш байгаа С.Эрдэнийн талтай, хууль бус Х.Баттулгын талыг хуарлуулж, хоёр тал хоёулаа буруутай гэж нийгмийг төөрүүлэх ов мэхийг хамтарч магадлая гэхээр бүртгэлгүй нь буюу Х.Баттулгын тал бултав. Үнэнийг олох-буруутай талд мэдээж ялагдал. Х.Баттулгын 80 ихнаяд гэх мэт цочирдом хохирол АН-ын дарга болоход нөлөөгүй гэнэ. АН-ын дарга тийм бузар амьтан байх ёстой гэж үү. Х.Баттулга, Ж.Батсуурь хоёр намын даргын сунгаагаар бүх аймгаар заларч тансаг бийлэгжүү дүрээ гишүүддээ гайхуулж баярхав. Алга ташиж дэмжээд явсны нь дараа шоолдог нохой зангаар мань хоёрыг үдэж буй нь андашгүй.

Монголын хуулийг эрх мэдэл авилгын аагаар гишгэлж, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Батттулга АН-ын даргыг гарын үзүүрээр авч шидэх гэсэн. Баттулгыг бараадагч цөөврүүд түүний булаан эзлэх довтолгоог зөвтгөхийн тулд “хоёр дарга, хоёр тамганы алийг жинхэнэ гэх вэ” гэж мэдэн будилсан пиар дэвэргэв. Харанхуй массыг дөрөөлбөл хуурамч бүхэн ялдагт тэд амташжээ. 

Мөнгөөр өвч цэнэглэсэн Х.Баттулгын булаалтын эсрэг тэмцэхэд намын дүрэмнээс өөр зэвсэг байсангүй. С.Эрдэнэ намынхаа дүрмээр шинэ даргаа сонгоно гэж гүрийснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж тэнэгтээгүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ сахих байр суурин дээрээ бат зогссон чоныг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “том юманд” хүрэх гэсэн цөөврүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ хэмээн улилдлаа. Түүнийг тэгж буртаглах угтаа Х.Баттулгын булайг замхруулах, үгүй ядаж С.Эрдэнэтэй тэнцүүлэх зорилго юм. Тэгээд “хоёр хар хэрээний алийг хар гэх вэ” гэснээр АН-ын сэнтий булаах Х.Баттулгын довтолгооны дүрэм бус нь-бүдгэрэх учиртай юмсанж.

Харин С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нь өөрөө ялагдахаас илүүтэй урвагч Х.Баттулга, хутгуур Н.Алтанхуяг хоёрын ерөнхийлөгч болох цагаандаа гарсан улайрлыг хаах улстөр байсан байх. Сонгогч нарт итгэх аргагүй. Тэд ямар ч хулгайчийг сонгохдоо сийхгүй “гар”-ууд. Урвагч хутгуур хоёрын аль нь ч ерөнхийлөгч болсон Монголд халгаатай. Ардчилалд тууштай, ухаалаг, боловсрол туршлагатай нь надад Э.Бат-Үүл санагддаг. Залуус бол байгаа л байх. 

Ганзагач Баттулгын махинаци тэнэг муйхар ч түүнийг няцаах хүч Монголд тодроогүй. 17 чингэлэг слиртийн хэргийг болхи гэхээс уран гэхгүй. Байдаг л чулуун зүрхтэй улайрсан хулгай. Урд хил рүү тавих төмөр замаа гацааж буйгаа ОХУ-д харуулахаар нэг залуугаар хэд хэдэн газар хөрс хуулуулаад, ямар ч тооцоо судалгаагүй тэнэг ажил нь хэрэггүй болж ял хариуцлага нэхэгдмэгц Х.Баттулга хөлс мөнгөө унжиж, нөгөө залуу нь хэрэгцээгүй ажилд хамаг хөрөнгөө барж өрөнд унаж дампуурч шатсандаа амиа егүүтгэхийг хоёр ч удаа оролдсон. Амиа хорлосон уу яасан сураг тасарсан. 

Бат-Үүлийн үсийг О.Цогтгэрэл гишүүний алтан нутаг хүүхэн зулгаасан нь угтаа намын даргын төлөөх зодооны хаялга. Увс хүүхэн Үүл хоёрын дунд уралцах юу байх билээ. Сосорбарам руу Бээжин гэгч олон арван саяын дээрмээр ял эдэлсэн цуутай хэрцгий этгээд гурил цацлаа. Хурал удирдаж суусан С.Эрдэнийг тайзан дээр Х.Баттулгын хам гэх Алтанхуяг зодлоо. Эдгээр нь хоорондоо төстэй нэг л гарын болхи хийц.

Зам тээврийн яамны сайд байхдаа Х.Баттулга, А.Гансүх хоёрын идэж уусан, үрж шамшигдуулсныг шалгаж ухлаа гэж тус яамны аудит Гомбосүрэн гэх залууг Махвал Артур нарын бүлэг зодож хэрцгийгээр бүрэлгэсэн. Интерпол хайж буй Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, аавын хаалга татаж яваа А.Гансүх гээд гай хөө хөвөрнө. Хар мөртийг бараадагч цөөвөр зөндөөн. Х.Баттулгын арга мэх болхи ч гэлээ төр засгийг самарч дөнгөөд байдаг нь гайхалтай.

Намын дүрэмнээсээ зуурсаар ялагдах шившиг гэж үү? АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулагч С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ ухуулга дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлэглэлийнхээ нууц жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Мөн Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дахин дэвшүүлэх шинэ журам Туваан зохиогоод тэр нь ч бас бүтээгүй. Туваан их хурлаа хийгээгүйгээр үл барам намынхаа тамга гэрчилгээг Х.Баттулгад сэм өгчээ. Тамга гэрчилгээний эрэл мухардаж, 2017 онд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг үндэслэн намын тамгыг түүнд олгосон байдаг. 

Сонгуульд С.Эрдэнийг унагах хорыг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос гадна тэр хоёрыг хормойдож өвдөл цөвдөл горьдогчид төгс найруулсан. АН-ын доторх эрх мэдэлд шунагчид хорлоогүй бол С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд баян ходоод болоогүй. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэнийн авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх эрх мэдлийн шуналаар өвчилсөн хэдэн муу хүний увайгүй башир явуулганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ шүү.

Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр сүүлээ сэрвээн дээрээ тавивал АН увс компаний өмч болно гэж Ю.Цэдэнбалын нутаграх жарныг туулагчид сануулав. 1990 онд нүүдэлч-нэгдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа үрслүүлсэн ардчиллыг дов жалгын хуйвалдагч нарт алдчихгүй юмсан. Намынхаа дүрмээр бус лоббигоор Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосноо юу гэж зөвтгөсөн гээч: Х.Баттулгын их хурлаар сонгогдсон ҮБХ-ны гишүүд болон С.Эрдэнийн их хурлаар сонгогдсон ҮБХ-ны гуйвагчид нийлж шийдсэн тул маргашгүй шударга шийдвэр гэнэ. Лу.Гантөмөр дүрмээр сонгогдоогүй учраас тэр дарга биш. Тиймээс зарчим яриад албажихгүй. Уг нь аль ч намын дүрэмд ээлжит Их хурлаасаа өмнө удирдлагаа огцруулах шаардлага тулгарвал онц Их хурал хуралдуулах заалт дүрмэндээ тусгасан байдаг. Тэр заалтаар явалгүй гүрийсэн нь хэний-аль талын ашиг вэ О.Цогтгэрэлээ, Н.Алтанхуягаа, Ч.Өнөрбаяраа, Ц.Элбэгдоржоо.

Х.Баттулга, З.Энхболд хоёр Путины сүрээр туршилга сууж буй ардчиллын гол лидерүүдээ намнаад захиргаадах тогтолцоо руу ханарах гээд бүтсэнгүй юу даа. Ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрсэн нь-залуусын жагсаалаар илэрлээ. Үзэл баримтлал үнэт зүйлсээ дээдэлж, ардчиллаа авч үлдэх зүрх сэтгэлтэй-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг Ч.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, ХҮН-ын Х.Доржханд, Б.Найдалаа, Г.Наранбаяр нарыг давах хэн байна.

Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудынхаа итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус тийм замаар өгсдөг. Тийм залуусыг ахмадууд чинь мөрөөдөж, суудлаа өгөхийг нэр төрийн хэрэг гээд хүлээж буй. Чадваргүй нь дэвшихээр ичгүүргүй дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуусын оюун хөгшдийн туршлага хосолбоос Төрийн бодлого улам ухаажихыг мэдэхгүй хэн байх билээ. Уршиг тарих сагсуу болчимгүй залуус ч бий. Тэднийг хөөргөдөх осолтой.

Намынхаа дүрмээр Их хурлаа хуралдуулж, намынхаа дүрмээр шинэ дарга сонгох боломжийг С.Эрдэнэд олгоогүй. Намынхаа дүрмээр ажлаа гүйцэтгэх гэж, АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар авах гэсэн шижээргүй нөхдөд ад болж яваа УДШ, УБГ-т дарга гэсэн данстай нь С.Эрдэнэ. Түүний данстайг шүүх нотолдог. Үүнд маргах юм байхгүй. Даргаараа Лу.Гантөмөрийг ч юм уу өөр хэн нэгнийг сонгохоо их хурлын төлөөлөгчид олонхоороо шидэх тул С.Эрдэнэд сэнтийнээсээ зууралдах боломж хаалттай. Ийм тод гарц дүрмэндээ байсаар атал С.Эрдэнэ суудлаасаа зуурснаас болж АН хагарсан гэх суртал дэвэргэгч Ц.Туваан нарын ааш аяг дүр төрх тун ч зэвүүн байж билээ. Эрх мэдлийн төлөө өлсөөд шороон царайлж хэвтсэн чинь одоо ч олны нүдэнд кино шиг үзэгдэж буй. Та нар Х.Баттулгын ямар гавъяаг бишрээд, түүнийг АН-ын дарга болгохын төлөө тэсгим жаварт гадаа талбайд нэр нүүрээ шившиглэсэн бэ. Хэний захиалгаар амиа золих гэв ээ. Эргээд эргэцүүл. Тэнэглэл бус уу? Та хэд шударга ёс, хүн амынхаа төлөө, авилгын эсрэг өлссөн гэнэ. Хэн ч итгэхгүй. Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрыг төрийн оргилд залж, хариунд нь суга дэвших өлсгөлөн гэж амтай болгон ярьж байсныг зөвхөн та хэд сонсоогүй байж магад.

Шунал шүгэлсэн дарга болох донгоо хумихгүй бол АН-д юун ялалт, ирээдүй ч алга. Сэнтийн төлөө хорхой нь язганасан хэдэн бөгсний бохирт АН бузартсан нь үнэн. Дарга болох хүсэл нь нурсан Г.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар уурандаа намаа хаяж нам байгуулна гэж мэдэгдэв. Намын даргын сэнтий ганц. Эрх мэдэлд шунагч АН-аар дүүрэн. Эндээс л хагарал үүссэн болохоос АН үзэл баримтлалаар хагараагүй гэдэг ортой. АН-ынхан багаар тоглох чадварыг Монголын сагсчин залуусаас сураасай. АН дотоод хямралдаа ялзарсаар нурах есөн шид нь бүрдсэн мэтээр дэвэргэсэн пропаганда бол ардчиллын дайсны хүсэл. АН хагараагүй, даргын төлөөх Х.Баттулгын түрэмгийлэл самарсан. С.Эрдэнэ намын дүрмээрээ сарлагтаагүй бол АН аль эрт Х.Баттулгын гарт базуулах байлаа. Энэ үүднээс өөдгүй ч бай С.Эрдэнэд би талархдаг. Түүний буйрыг нь сахьсан АН-ын Их хурлаар шинэ даргаа олонхоороо сонго. Тэгвэл маргаан гарахгүй. Хүчин төгөлдөр намын дүрэм чинь хамгаална.

Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болгохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураан дээр тэмүүлж байна. Намаа самарчхаад ард олноо ялалт өгсөнгүй гэж туних аль ч намд шившиг. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ АН-ын лидерүүд хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Хоосон сүр, хоолны сав, шуналын хүүдий бус ашгаа үржүүлж ядуусаа өөд татах лидер Монголд алга. Өвгөн би хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөж бичих юм даа. Намайг энэ үүдээр харж, сайн муу хэлүүлсэн залуус ная гарсан буурайг уучилна гэдэгт итгэнэм. Бүгдийг чинь бурхан өршөөг. Алив асуудал дүрмээр шийдэгдвээс хуулиар буруудахгүй бөх бат урт настай агаад өгөөжтэй. 

2023

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин