• Эхлэл
  • Зовлонгоо зовоож бүтээсэн гуравдагч хөрш (1)

Зовлонгоо зовоож бүтээсэн гуравдагч хөрш (1)

2023/04/03

Дипломатч, нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна. 

Энэ асуудлыг хөндөхгүй бол болохгүй цаг үе тулгарч байна. Орос-Украины дайн үргэлжлэх тусам АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг үзэн ядах, Монголоос хөөх хийрхэл монголын сошиал ертөнцөд дэврэх янзтай. Амьдрал ахуй нь доройтсон, өөрсдөөсөө болж зовж ядарч яваа ядуусын армийг Өрнөдийн (Баруун) эсрэг босгох уриалга ч мэр сэр харагдана. “Оросын тролл” гэх нэр усгүй, хаяггүй баахан нөхдийг хариуд нь сошиалаар гөвнө. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд орхичихмооргүй үгс, мөрүүд ярайна. Хараалгагчдын нэг нь би мөн боловч энэ удаа арай өөр өнцгөөс ятгамаар санагдав. Гарчигт өгүүллээ. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалахын хамт түүх сөхөж эрхэм анд Элчин сайд, академич Цэдэндамбын Батбаярын туурвисан нэгэн чухал номоос эшлэхээр шийдлээ.

 

Нэг. Харбинд хүргэсэн 1912 оны ноот бичиг

“Олноо өргөгдсөний 2 дугаар оны өвлийн эхэн сарын 9” буюу 1912 оны 11 дүгээр сарын 18-нд Гадаад хэргийн яамнаас ноот бичиг үйлдэж Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд болон Австри-Унгар зэрэг 9 улсын Элчин сайд нарт илгээсэн байна. Уг ноотын мэдэгдлийн төгсгөлд “Харилцан гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгамуу” гэсэн саналыг дэвшүүлжээ. 

Ноот бичиг явуулахыг хэн санаачлав? Богд хааны зарлигаар байгуулагдсан 5 яамны нэг болох Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам Монгол улс байгуулагдсан тухай гадаадын нөлөө бүхий зарим оронд зарлан мэдэгдэхээр 1912 оны 11 дүгээр сард шийдсэн ажээ. Ийм ноот бичиг явуулах саналыг анх даа лам Цэрэнчимэдийн тэргүүлсэн Дотоод хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас гаргасан болохыг онцлон тэмдэглэсэн нь сонирхолтой. 

Хаант Оростой тогтоосон гэрээ бичгийг хүндэтгэн уг ноот бичгийг анхлан бүрэн эрх барих сайд Коростовецэд хүргүүлсэн байна. Уг бичигт монголчууд нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдахгүй сахих учраа нэгэнт Чин улсаас салаад “Өөртөө тогтнож өөрөө эзэрхэх улс төр байгуулан Халх Монголын шарын шашны эзэн Жибзундамба ламыг Монгол улсын Хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулаад Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн халсан” явдлыг сонсгож эцэст нь “Эрхэм улсын засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн явуулаад байцаан үзүүлж басхүү уламжлан Хятадын засгийн хэрэг шийтгэх газар мэдтүгэй хэмээн явуулаад, хятадын цэргийг манай Монгол улсын хязгаарт оруулахгүй болгон туслах ажаамуу” гэсэн санал дэвшүүлжээ. 

Нэр бүхий 9 улсад илгээсэн ноот бичгийн эх нь Үндэсний төв архивын сан хөмрөгт “Олноо өргөгдсөний хоёрдугаар он өвөл цаг Орос улсын Элчин сайд ба олон улсын Засгийн газарт манай Монгол өөртөөн улс төр байгуулсан явдлыг мэдтүгэй” хэмээн явуулсан эх /ҮТА, Ф-4, Д-1, хн. 5, х. 3-4/, мөн 9 улсад илгээсэн бичгийн хятад эх хамт байна. Бичгийн агуулга нь Монгол улсын Засгийн газрынхаа даалгавараар Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас тухайн орны Гадаад яаманд хандан Монгол улс тусгаар тогтносныг зарлан мэдэгдэж, уул хэргийг Засгийн газартаа нэвтрүүлэн, гэрээ байгуулж, худалдааг нэвтрүүлэн улсын найрамдлыг зузаатгахыг хүссэнд оршино. Энэ нь Хаант Орос улстай байгуулсан гэрээнийхээ үлгэр загвараар гэрээ байгуулж, худалдааг хөгжүүлэн, тэдгээр улсын ашиг сонирхлыг өөрийн улсад буй болгон, найрамдалт харилцаа холбоо хөгжүүлснээр тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах гэсэн оролдлого мөн.

Манжуур дахь Францын Ерөнхий консулаас Гадаад хэргийн сайддаа 1913 оны 1 дүгээр сарын 17-нд, Хятадад суугаа Францын Элчин сайд Контигоос төвдөө 1 дүгээр сарын 20-нд тус тус бичиг илгээж хятад, монгол хэлээр бичсэн баримт бичгийг франц орчуулгын хамт төвдөө хүргүүлж байжээ. Манжуур дахь Францын консулын захидалд “Харбинд суугаа манай консулын ажилтанд гардуулж өгсөн нэгэн албан ёсны захидлын орчуулгыг эрхэмсэг ноён танд үүгээр хүргүүлэх завшаан тохиолдов. Энэхүү захидалд Монголын эзэнт улсын Гадаад яамны сайд Францын Гадаад хэргийн яамны сайдад Монгол тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж шинэ эзэнт улсын төр, шашны тэргүүнээр Шарын шашны их хувилгаан Жавзандамба хутугтыг өргөмжлөн оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэхээр тогтсоныг мэдэгджээ”. Мөн “Бие даасан Монголын шинэ Засгийн газар Монгол улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч гэрээ хэлэлцээр байгуулахыг Францын Засгийн газраас хүсчээ” гээд төгсгөлд нь “Хятад, монгол хэлээр бичсэн энэ баримт бичгийг Ромеро ноёнтонд гардуулсан бөгөөд хоёр бичвэрт тамга даржээ. Манай консулын ажилтан ямар замаар энэ баримт бичгийг өөрийнх нь газарт ирүүлсэн болохыг надад мэдэгдээгүй учраас би энэ талаар нэмэлт мэдээлэл шаардсан юм” гэжээ. 4

Франц нь Оросын холбоотон орны хувьд Монголын асуудлаар Оросын байр суурийг дэмжих байр суурь баримталж байжээ. Парист сууж байсан Оросын Элчин сайд Извольский 1911 оны 11 дүгээр сард Францын ГЯЯ-ны сайдад хандан "Монгол, Манжуур болон Хятадын Туркестан дахь Оросын сонирхолд Хятадын Засгийн газар аливаа нэгэн саад хийх гэсэн оролдлогод Франц ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт итгэж болох уу" гэсэн асуулга тавьжээ. Францын ГЯЯ-ны сайд де Сельве 1912 оны эхээр Умард Манжуур ба Монгол, Хятадын Туркестан дахь Хаант Оросын эрх ашиг, сонирхлыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж "Энэ талаар бидний тогтмол явуулж ирсэн бодлого ирээдүйд манай холбоотны сонирхож буй энэ нутагт бидний явуулах бодлогын тод илэрхийлэл юм" гэж нотолж байжээ.6

Харин Гадаад Монгол тусгаар тогтнолоо тунхагласны дараа 1912 оны 1 дүгээр сардГерманы ГЯЯ-ны ТНБД-аасБерлинд суугаа Францын Элчин сайдыг урьж уулзан Монголд болж буй үйл явдлуудын шинж чанарын тухай асууж лавлахын хамт "Бид Хятадыг бүрэн бүтэн байлгах, тэгээд Европын худалдаа арилжаанд нээлттэй болгохыг хүсдэг, тиймээс янз бүрийн байдлаар Хятадыг хуваах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцдэг" гэж байжээ. Германы ГЯЯ 1912 оны Орос-Монголын гэрээ, түүний хавсралтын тухай мэдээ аваад Бээжинд сууж байсан Элчин сайддаа үүрэг өгч Оростой байгуулсан гэрээг эсэргүүцэхийг Хятадын Засгийн газарт ятгахын хамт бусад гадаад оронтой Монголыг мөн адил нээлттэй худалдаа хийлгэхийг Бээжинд шаардахыг даалгаж байжээ.7

Харбинд сууж байсан Японы Ерөнхий консулын газарт хүргүүлсэн уг ноот бичгийн хятад эх эдүгээ хүртэл Японы Гадаад явдлын яамны архивт хадгалагдаж байгааг японы түүхч Наками Тацуо анх олж хэвлүүлсэн билээ. Уг ноот бичиг хэрхэн японы талд хүрснийг тэр үед Харбинд сууж байсан Японы Ерөнхий консул Хондагаас ГЯЯ-ны сайд Учидад 1912 оны 12 дугаар сарын 13-нд илгээсэн цахилгаанаас тодруулж болно. Уг ноотын монгол болон хятад хоёр эхийг Хонда консул 1912 оны 12 дугаар сарын 13-нд Харбинд хүлээн авч тэр өдөртөө хятад эхийг дагалдах бичгийн хамт Токиод илгээсэн байна. Хондагийн дагалдах бичигт өгүүлснээр уг ноотыг авчирсан элч монгол хүний ярианаас уламжилбал тэрээр Хүрээнээс морин өртөөгөөр гарч 8 хоног яван Хайлаарт хүрч, тэндээс галт тэргэнд суун Харбинд иржээ. Тэрээр Японы консулаас гадна бусад орны Консулын газарт мөн ижил агуулгатай бичгийг авчирсныг Хонда мэдээд түүнээс ойр цагийн Хүрээний байдлыг сонирхон асууваас монгол элч хятад хэл огт нэвтрэлцэхгүй, харин орос хэлээр ойр зуурын зүйл ойлголцох төдий байсныг дагалдах бичигт тэмдэглэжээ.8

Японы түүхч Наками Тацуо тэр монгол элчийн хятад хэл үл мэдэх байдлаас үндэслэн Хүрээнээс шууд явж ирсэн хүн байж магадгүй, мөн өөр ямарваа зорилгогүй зөвхөн ноот хүргэх л үүрэгтэй “улаач” төдий байсан болов уу гэсэн дүгнэлт хийжээ. 

Уг ноот бичигтэй холбоотой Улсын архивт хадгалагдаж байгаа нэгэн сонирхолтой баримт бичгийг анхаарахгүй байх аргагүй. Бичгийг Гадаад хэргийн яамнаас Ерөнхий сайд болон бусад яамдад 1913 оны 1 дүгээр сарын 13-нд тараажээ. Уг бичигт Монгол улс өөртөө тогтнож, Богд гэгээнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн тухай ноот бичгийг гадаадын 9 оронд илгээснийг дурдаад замын ойр дөтийг бодож Хөлөнбуйрын сайд Шэн Фү, Цэнд нараар дамжуулан Харбинд суугаа тэдгээр орны элчин нарт өгүүлэхээр бичиг дагалдуулан хүргүүлсэн гэжээ. 

Хөлөнбуйрын сайд нар Харбинд суугаа Британи, Франц, Герман, Америк, Япон болон Бельги зэрэг 6 орны төлөөлөгчдөд уг ноотыг гардуулсан агаад үлдэх Голланд, Дани, Австри гурван орны Консулын газар Харбинд үгүй учир тэдэнд хүргүүлсэн ноот бичгийг саявтар буцаан ирүүлсэн учрыг уг бичигт дурдаад эдгээр орнуудад чухам хэрхэн хүргэх аргыг зөвлөлдөн хэлэлцэхээр уг бичгийг бусад яамдад хүргүүлж байгааг учирлан өгүүлжээ.9

Ийнхүү уг баримт бичиг Харбинд суугаа 6 орны, түүн дотор Японы консулын газарт дээрх ноот бичиг хүрснийг дахин нотлохын хамт Хөлөнбуйрын сайдын газраар дамжин хүрсэн болохыг мөн гэрчилж байна. 

Хоёр. Чин ван Ханддорж Петербург мордсон нь

1912 оны өвлийн дунд сард Гадаад яамны сайд Ханддорж нарын төлөөлөгчдийг Петербургт одуулсан нь шинэ тулгар Монгол улсын Засгийн газраас гадаад ертөнцтэй харилцаа тогтоох талаар хийсэн томоохон алхам мөн. Хаант Оросын эрх баригчидтай уулзаж амин чухал хэдэн асуудлаар яриа хэлэлцээ хийхээс гадна Петербург дэх гадаадын хэд хэдэн улсын Элчин сайдтай учран хэлхээ холбоо тогтоох, улмаар цаашаа Британи, Франц, зэрэг орнуудаар очиж найрамдлын гэрээ байгуулах зорилгыг Ханддорж Чин ванд давхар даалгасан байна. 

БНМАУ-ын түүхийн дэд ботид бичсэнчлэн: “Энэ удаа Петербургт одсон Ханддорж тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид бол үүний өмнө Манжийн төрийг түлхэн унагахаар тусламж гуйхаар очсонтой адилгүй, тусгаар тогтнолоо тунхагласан Монгол улсын анхны элч нар байв. Иймээс ч Богд гэгээний Засгийн газар энэ хэргийг улс төрийн чухал алхам гэж онц анхааран үзэж билээ. Учир юу гэвэл төлөөлөгчдийн зорьсон хэрэг хичнээн бүтэлтэй болохоос Монгол улсын байр суурь олон улсын талбар дээр төдийчинээн бэхжих ёстой байжээ.”10

Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын зорилго нь:

1. Хоёр улсын хооронд тогтсон найрамдалт харилцааг бататгах,

2. 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ бичигт тусган батлуулж чадаагүй Монголын талын зарим саналыг сэргээн тавьж шийдвэрлүүлэх,

3. Өвөр Монголыг хятадын цэргээс хамгаалж, нэгдсэн Монгол улс байгуулахад туслуулах,

4. Буу зэвсгийн тусламж авч батлан хамгаалах хүчээ зузаатгах,

5. Британи, Франц зэрэг гадаад улсуудад “Улсын бичиг”, бэлэг зүйлсийг хүргэх, найрамдал, худалдааны харилцаа тогтоох явдал гэж үзжээ.11


-Үргэлжлэл бий


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин