Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ, Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Турк дэх Монгол оюутны холбоотой хамтран Туркэд сурч буй монгол оюутан, судлаачдын дунд “Эрдмийн өдөрлөг” арга хэмжээг 4 дүгээр сарын 29-30-нд Анкара хотноо зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд эхний өдөр оюутны эрдэм шинжилгээний хурал, сагсан болон гар бөмбөгийн тэмцээн, хоёр дахь өдөр нь Анкара хоттой танилцах аялал, танилцах үдэшлэгийг зохион байгуулсан байна. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан ба түрэг судлал, хэл соёлын гэсэн гурван салбарт доктор-магистрын ба баклаврын түвшинд 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд Анкара, Истанбул, Измир, Сакарья, Испарта, Кириккале зэрэг хотуудаас 14 илтгэгч оролцов.
Нийгмийн ухааны салбарын илтгэлүүдийг СЭЗИС-ийн хуулийн тэнхимийн багш, Ph.D. М.Түвшинжаргал, эдийн засгийн ухааны Ph.D. С.Мөрдир, байгалийн шинжлэх ухааны салбарын илтгэлүүдийг /бакалавр болон магистрын нийт дөрвөн илтгэл/ философийн ухааны Ph.D. Х.Амантая, компьютерийн ухааны Ph.D. Манарбек, магистр М.Аманбек, түрэг судлал, хэл соёлын салбарын илтгэлийг МУИС-ийн түүх, археологийн тэнхимийн багш Ph.D. Д.Анхбаяр, Измир Катип Челебе их сургуулийн багш Ph.D. Р.Мөнхтулга нар шүүв. Хуралд 80 гаруй иргэд, оюутнууд оролцов.
Нийгмийн шинжлэх ухааны магистр-докторын түвшинд:
- Анкара хотын Хажеттепе их сургуулийн магистрант Д.Ариунзаяа “Эцэг, эх хүүхдээсээ халшрах хам шинжийн судалгаа” илтгэлээрээ тэргүүн байрыг,
- Истанбулын их сургуулийн магистрант Б.Цэлмэгтуяа “Үйлдвэрлэлийн осол, хордлогын үеийн удирдлагын манлайлал” илтгэлээр дэд байр,
баклаврын түвшинд:
- Истанбулын их сургуулийн 4-р дамжааны оюутан О.Мөнх-Эрдэнэ “Силикон банкны дампуурлын шалтгаан” илтгэлээр тэргүүн байр,
- Испарта хотын Сулейман Демирел их сургуулийн олон улсын харилцааны 4-р дамжааны оюутан З.Энхзаяа “Антарктид их гүрнүүдийн тэмцлийн талбар” илтгэлээр дэд байрыг тус эзлэв.
Харин түрэг судлал, хэл соёлын салбарын илтгэлүүдээс Анкара хотын Хажи Байрам Вели их сургуулийн магистрант О.Сувд-Эрдэнэ “Тарабын бослогын мөн чанарын тухай” илтгэлээрээ, байгалийн шинжлэх ухааны салбарын магистр-докторын түвшинд Истанбулын их сургуулийн магистрант Д.Балжинням “Газар хөдлөлтийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх инженерийн аргачлалууд” илтгэлээр, харин бакалаврын түвшинд Егейн их сургуулийн оюутан Г.Жавзанжамъянсүрэн “Математикийн ЭЕШ-ын чанарын судалгаа” илтгэлээр шилдэг илтгэлийн шагнал хүртэв.
Энэ удаагийн хурал нь оролцогчдод илтгэл тавих арга барил, дадал эзэмшүүлэх, алдаа оноог хэлж өгөх, бусдын сургамж, туршлагаас хуваалцах боломж олгох, үе үеийн Туркэд төгсөгчдийг хооронд танилцуулахад түлхүү анхаарснаар онцлог болов.
ЭШХ-ын дараа оюутнуудын дунд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав. Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 6 баг, гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй холимог багийн тэмцээнд 6 баг өрсөлдөв.
Сэтгэгдэл байхгүй байна