• Эхлэл
  • Сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэг "хаана явна" вэ?

Сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэг "хаана явна" вэ?

2023/04/17

Ард түмэн гэдэг цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэсэн гашуун боловч үнэн гэмээр үгийг мөнөөх ард түмэн нь доромжлол гэж хүлээн авдаг байсан бол өнөөдөр түүнээс ч доромж гэмээр үйлдлүүдийг төрийн түшээд нь үзүүлсэн ч ард түмэн хууртсаар “Загасны ой санамжтай ард түмэн” гэсэн шинэ нэр томьёо бий болохоор болоод байна. Хэн нэгэн уусан идсэн, завшсан хулгайлсныг хэсэгхэн зуур шуугиж, хэлэлцэж, харааж шүүмжилж байснаа төдөлгүй мартаж дараагийн сенсаци руу давалгаалан ордог өнөө цагийн жинхэнэ дүр төрхийг хэлээд байгаа хэрэг л дээ. Саяхан л 60 тэрбумын хэрэг гэж шуугиж байсан “ард түмэн” ЖДҮ, нүүрсний, Хөгжлийн банкны хэрэг гээд хэчнээн ч сенсацийн “ард” гарав, хэчнээн их хилэгнэж, хараав, эрх баригчдыгаа... Гэвч тэр болгонд хариуцлага тооцсон нь хаана байна? Нэг сенсацийн араас дараагийн сенсаци дэгдэж, үнэн хэрэгтээ дэгдээж, өмнөхийг нь мартаж, мартагнуулсаар.

Саяхан л гэхэд говийн элсэн түйрэн дунд нүд, шүднээс нь бусад нь харагдахгүй гэмээр хүрэл бор болсон тээврийн жолооч нар сайдын соёрхноос бусад жолооч нүүрс тээвэрлэх эрхгүй, зээлээр авсан машиныхаа зээлийн хүүнд “идүүлж”, зөвхөн сайдын соёрхсон хэдэн зуун машин говийн замыг там болтол нь талхалж, малчид “хагалаад” идчих эрүүл мал үгүй, мал нь хамар хатгах өвсгүй болоод байгаа талаар уйлан хайлан ярьж, тээврийн замын бодлогыг эргэн харж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байсан.

Саяхан л гэхэд нүүрсний тээвэр “хэн” нэгний хүчирхэг саварт атгагдаж, жолооч нар дааж давшгүй төлбөр төлж байж, ганц нэг рейс хийж, харин сайд дарга нарын соёрхолт компаниуд хилээр ногоон паспорттой мэт  нэвтэрч байгаа талаар жолооч нар баримт дэлгэн эсэргүүцэж байсан.

Ингэсээр ингэсээр нүүрсний замын асуудал нүглийн зам болоод байгаа талаар хаа хаанаа хүлээн зөвшөөрч, буруутныг тогтоохоор хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдох болсон. Гэтэл дээр хэлснээр нэг сенсацийг нөгөөгөөр дарах мэт нүүрсний замын асуудал таг чиг болж орхив. Гэвч сэтгүүлч нар албаны хүмүүсийн амыг асууснаар өнгөрсөн жилийн гуравдугаар сард сайд Б.Энх-Амгалантай холбоотой хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-аас албан ёсоор мэдээлсэн бөгөөд энд тухайн үед бас л нэг сенсаци болоод байсан Дарханы замын асуудал төдийгүй Цогтцэций-Чойр чиглэлийн 470 км замын асуудал мөн үүнд багтаж байгаа хэмээн тодотгосон билээ

\Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү. Дарханы зам биш ээ, Чойрын зам? \

Ийн жолооч нарын тамыг идэж байсан замын асуудлыг шалгаж эхэллээ гэж тээвэрчид баярлаж байсан  ч мөн л “уламжлал” ёсоор хэрхсэн нь мэдэгдэхгүй чимээгүй болчихов.  Тийм учраас энэ хэргийн талаар бид тодруулсан бөгөөд АТГ-ийн хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг

-Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ шалган, 2023 оны дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн хариултыг өглөө.

Ийнхүү усанд хаясан чулуу мэт сураггүй болоод байсан өндөр дээд албан тушаалтан буюу төрийн сайд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг прокурорт хянагдан шүүхээр шийдэгдэх нь ээ.

Дашрамд сануулахад, Б.Энх-Амгалан Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2019.05.03-ны өдөр аймгийн төвийг нийслэлтэй, аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой холбосон замуудыг улсын чанартай зам гэж Авто замын тухай хуульд тогтоосон атал дур мэдэн Цогтцэций-Чойрын нүүрс тээврийн замыг дур мэдэн улсын чанартай зам хэмээн 134 тоот тушаал гаргаж хууль зөрчсөн. Үүний цаана нүүрсний тээврийг будилаантуулж, зөвхөн хамаарал бүхий компаниудад давуу тал олгосон, байгаль экологи сүйтгэсэн, сайдын тушаалыг гул барин үндэслэлгүй татвар, хураамж хураах болсон олон бугшмал асуудал үүссэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.

Онцлон анхааруулахад үүгээр зөвхөн “Их дэлгэмэл ингүүн” ХХК төдийгүй, сайдын тушаалыг үндэслэл болгон жолооч нар болон компаниудаас замын хураамж авах болсон “Эко жишиг тээвэр” төсөл, “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-тэй холбоотой асуудлууд ч сөхөгдөх бололтой.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин