• Эхлэл
  • Монгол эрчим хүчний асар их нөөцтэй

Монгол эрчим хүчний асар их нөөцтэй

2023/12/18

Баабар ийн өгүүлэв.

МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ МАШ ИХ НӨӨЦТЭЙ

(ДААНЧ ЗӨВШӨӨРӨЛ ОЛДДОГГҮЙ)

Монгол улс нь өнөө болтол эрчим хүчний дутагдалтай, нийт хэрэгцээнийхээ бараг гуравны нэгийг Оросоос импортолдог орон юм. Төвийн эрчим хүчний системд нэг гегаватт хэрэглээ байдаг боловч ялангуяа өвлийн цагт нэмэлт эрчим хүч хэрэгтэй учир оросоос 250 мегаваттыг нэмж авдаг. Монголын баруун бүс бараг тэр чигээрээ Оросын импортоос хамааралтай. Хэд хэдэн жижиг усан цахилгаан станцыг эс тооцвол ийм төрлийн эрчим хүчний үүсвэр байхгүй. Байгал нуур руу урсах нийт урсацынх нь бараг 70 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээгээ хангах төсөл одон удаа яригдаж, хоёр удаа төсөл хэрэгжүүлэх шахсан боловч ялангуяа Оросын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран зогссон юм. Үүнд нь монголын “эх орончид” идэвхийлэн оролцсон. Одоо Хятадын 800 сая долларын зээлээр гурав лахь удаагаа барихаар зэхэж байгаа боловч оросууд эсэргүүцэн үүнийг ЮНЕСКО-д гомдол мэдүүлээд байгаа. Мэдүүлэгч нь орос нөхөртэй монгол авгай.

Нүүрсний шинэ станц барих төсөл яригдсан төдийгүй төслийн хэмжээнд ажил нь эхэлсэн боловч үүнд АНУ-ын компаниуд засгийн газрынхаа хоригоос болоод эхнээсээ оролцохоос татгалзсан ба тендерт ялсан Францын компани саяхан мөн л Засгийн газрынх нь хориг гарсантай холбогдуулан ажлаа орхин нутаг буцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд дөнгөж эхлэлийн төдий байна. Гадаадын зарим компани, олон улсын байгууллагын дэмжлэгээр салхины эрчим хүч ашиглах төсөл хэрэгжиж эхэлсэн боловч үнийн асуудлаас болоод зогсчихоод байгаа. Учир нь одоо болтол Монголд эрчим хүний үнэ чөлөөлөгдөөгүй, улсын хатуу хяналтад байдаг. Атомын цахилгаан станцын тухайд бол юутай ч өнөөдөртөө зүүдлэх ч хэрэггүй. Монголчуудын дунд цөмийн эрчим хүчний тухай ойлголт ядмагаас болоод нийтээр сургаар нь айдаг нийгмийн сэтгэхүйтэй. Уг нь Монгол нь урааны баялаг нөөцтэй боловч зөвхөн хайгуул хийсний төлөө нийтийн дунд янз бүрийн эсэргүүцэл гардаг ба үүнийг нь далимдуудан гадаад гүрний зүгээс рекетчидийг санхүүжүүлж, зохион байгуулж байгаа юм.

Гэвч нөгөө талаас Монголын нийт 750 мянган өрхийн ердөө нэг хүрэхгүй хувь нь эрчим хүчний эх үүсвэргүй байна. Малчид болон жижиг суурин газрын иргэд нарны болон салхины эрчим хүчээр зурагт, хөргөгч, гэрэлтүүлэг зэргээ хангаж байгаа.

Угтаа зөв бодлого баримталбал Монгол нь эрчим хүчний асар их нөөцтэй. Төв Азийн усны хагалбар нь Монголын умарт хэсэгт буй. Гэтэл усны тохируулга хийж байх ёстой цэвдэг дэлхийн дулаарлаас болоод сүүлийн хорь гаруй жилд жар гаруй хувь нь хайлсан гэсэн тооцоо гарч байна. Энэ нь алсдаа Монголын умарт хэсэг ч цөлжих магадлалтайг харуулж байгаа юм. Иймээс Хөвсгөл нуур, Байгал нуурыг холбосон сав газар олон тооны хиймэл нуур үүсгэвэл энэ аюулыг ихээхэн багасгана гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв олон хиймэл нуур үүсгэвэл үүнийг дагаад усан цахилгаан станцууд барих бололцоотой. Даанч үүнийг "эх орончид" зөвшөөрдөггүй.

Монголын говь нь салхины нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бол нийт Монгол оронд нартай өдөр бараг 300 хоног байдаг учир нарны эх үүсвэрээр Сахаараас дутахгүй газар билээ. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний технологид хувьсгалт өөрчлөлт гарч байна. Салхины сэнс нь хүн ихтэй төвлөрсөн газар тохиромжгүй байдаг бол Монголын асар уудам эзгүй газар нь өнөөгийн Калифорни, Өвөр Монголоос дутахгүй олон салхин сэнс байрлуулах бололцоотой. Түүнээс гадна тогтмол гүйдлийг хувьсах гүйдэлд хувиргаад эргүүлж дахин хувиргах технологид амжилт гарсныг үндэслэн эрчим хүчийг алс холд дамжуулах бололцоо буй боллоо. Энэ бүхнийг ашиглаж чадах юм бол Монгол нь ойрын ирээдүйд эрчим хүчний асар том экспортлогч орон болж болох бололцоотой юмаа. Даанч "эх орончид" зөвшөөрдөггүй.

Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын нийт хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи нэгэнт буй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр Монголд маш ихээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг хэн хүнгүй нүдээр харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал, хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. Хүнээр юмаа эхлүүлээд булааж авдаг, сүрдүүлдэг, хөөж гаргадаг тогтолцоо амьд байсаар ахул хэн ч бидэнтэй хамтрахгүй.

Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойт Америк боллоо. Давхрагын метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна. Давхрагын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан тооцоогоор ил болсон. Ийм ололтыг хагас дутуу сонссон төрийн түшмэд, хувийн компаниуд, орон нутгийн эрх баригчид нөөцтэй газрыг өөртөө жооролчихоод хайгуул ч хийлгэхгүй авилга хахуул нэхэн рэкэтэлсээр хэдэн жилийг барлаа. Тухайн газрын тодорхой ашигт малтмалыг хайх, ашиглах гэрээ хийсэн бол бусад ашигт малтмал нь өөр журмаар давхар лицензээр өөр хүнд эрх олгогдон шийдэгддэг олон улсын жишгийг дагасан хууль байдгүйгээс болоод тодорхой газрын лиценз эзэмшигч дээш доошоо хэдэн арван км-т байгаа бүх агаар болон газрын хэвлийн эзэн сууж феодолждог ёс нэгэнт хэвшжээ. Монгол улсын нийт ард түмний мэдэлд гэх байгалийн баялагийг орон нутаг бүрэн эзэгнэн мэдэх эрхтэй гэсэн ойлголтоос болоод рэкэтчид хонь ямаанаасаа олон боллоо. Нийт ард түмний мэдлийнх мөн боловч захиран зарцуулах эрх нь зөвхөн Засгийн газарт байдаг, харин тэндээс буй болсон ашгаас орон нутаг илүү хүртэх эрхийг хуулиар зохицуулдаг хэнд ч ойлгомжтой дүрэм журамд яаралтай шилжмээр. "Эх орончид" бас л зөвшөөрөхгүй байхаа?

2015.12.14


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин