• Эхлэл
  • Орос, Монголын эрдэмтэд анх удаа ойн экосистемийг хамтран судалжээ

Орос, Монголын эрдэмтэд анх удаа ойн экосистемийг хамтран судалжээ

2024/02/14

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Орос, Монголын эрдэмтэд анх удаа хамтран Монголын хойд нутгийн ойн экосистемийг судалснаар ойн бүтээмж бага байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий болгож байгааг тогтоосон тухай Үндэсний судалгааны эдийн засгийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ. 

"Уур амьсгалын хүнд нөхцөлөөс шалтгаалан Монголын ой мод "ихээхэн ачаалалд ороод" байна. Үүнийг даван туулахын тулд ой мод, бут сөөг, бусад төрлийн ургамал зэрэг биомассыг идэвхтэй үүсгэх шаардлагатай байгаа бөгөөд ийм нөхцөлийг  бүрдүүлэх нь нарны гэрлийг хэр шингээж байгаагаас шалтгаална" гэж тус их сургуулийн Газрын төрх байдлын экологийн судалгааны олон улсын лабораторийн эрхлэгч Роберт Сандлерский тайлбарлалаа.  

Энэ байдлаараа Монголын хойд нутгийн ойн экологийн тогтолцоо нь бусад өндөр уулын экосистем, тэр дундаа Альпын нуга, хуш модон ойнхтой харьцуулахад мэдэгдэхүйц доогуур байгааг Сандлерский болон Орос, Монголын хамтарсан багийнхан тогтоожээ. Ийм дүгнэлтийг Монголын хойд нутгийн Хөвсгөл нуурын хөвөөнд орших Хорьдол Сарьдагийн нуруунд 2013-2021 оны хооронд хийсэн хиймэл дагуулын ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээнд тулгуурлан хийсэн байна.

Хиймэл дагуулаас авсан зургуудыг ашиглан судлаачид тухайн нутгийн экосистем нарны гэрлийн энергийг хэдий хэмжээгээр шингээн авч, хэдэн хувийг нь ургамлын биомасс болгон хувиргаж байгааг тогтоожээ. Ийм үзүүлэлт нь дэлхийн дулаарал, уур амьсгалын бусад өөрчлөлттэй холбоотойгоор амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчин гэнэт огцом өөрчлөгдөх үед тухайн нутгийн экосистем хэр сайн дасан зохицохыг үнэлэхэд маш чухал юм.

Судлаачдын хийсэн тооцоогоор Монгол орны хойд хэсгийн ой моддын хувьд нарны гэрлийг шингээх үзүүлэлт нь бусад бүс нутгийн нуга, ойгоос өөр байгааг харуулжээ. Монгол орны шинэсэн ой нь Альпын нуга, хуш модон ойтой харьцуулахад бага хэмжээний биомасс үүсгэдэг. Энэ нь ойг уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг болгодог бөгөөд бэлчээрийн даац хэтрэх гэх мэт хүчин зүйлүүд ч экосистемд нөлөөлж болзошгүй байна.

Монгол орны ойн онцлогийг тодруулах нь Хорьдол Сарьдагийн нуруу болон Монголын хойд бүс нутгууд, түүнчлэн Оростой залгаа бүс нутгийн ойг хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд тусална гэдгийг эрдэмтэд хэллээ.

ЭХ СУРВАЛЖ. МОНЦАМЭ АГЕНТЛАГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин