Нийслэлийн Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны нээлтээ Улаанбаатар паласт хийж, сонгогчийн хувиар нээлтийн үйл ажиллагаанд нэгдэв. Ес дэх удаагийн орон нутгийн сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож, 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөж байгаа. Нийслэлийн Ардчилсан нам НИТХ-ын 45 мандат дээр 44 нэр дэвшигч гаргасан, нэг нэр дэвшигч нь СЕХ-ны бүртгэл дээр “бүдрээд”, нөхөн нэр дэвшүүлэх хугацаагүй өндөрлөсөн байх.
15 нам, нэг эвслээс АН-ын сурталчилгааны нээлтийг сонгож зорьсон шалтгаан нь тэдний сонгуулийн уриатай холбоотой. Хүүхдийн төлөө хот болох, хүүхэд нь эрүүл, спортлог, мөрөөдөлтэй, боловсролтой, ухаалаг хүн болж төлөвших тухай юм.
Жил жилийн сонгуулиар намууд янз бүрийн л мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. “Ард түмнээс явуурлаас гаргана” гэж амлаад өөрсдөө ядуурлаас гарчихсан нам ч байж л байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН “Монгол хүн 2020” гэж хөтөлбөр (найман жилд хэрэгжүүлэх ёстой байсан ч дөрөвхөн жил засагласан) дэвшүүлсэн нь анх удаа ХҮН төвтэй бодлогыг оруулж ирсэн явдал байв. Тэр үед УИХ, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулсан.
Харин Нийслэлийн АН-аас энэ удаа ХҮҮХЭД төвтэй хөгжлийг бодлого зарлав. Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдарч, айдас түгшүүргүй хичээл сургуульдаа явж, эрүүл чийрэг бие бялдартай, мөрөөдөлтэй, боловсролтой (өөрөөр хэлбэл амьдрах чадамжтай) хүн болон төлөвших, тэр боломжийг нь бий болгоход АН-ын бодлого, үйл ажиллагаа чиглэнэ. Хүүхдэд ээлтэй хот хөгшдөд ээлтэй, бусад бүх хүнд ээлтэй байна аа л гэсэн үг. Энэ бол хотын стандарт, бүр хамгийн өндөр стандарт нь юм байна. Өмнөд Солонгос, Японы, эсвэл Европын зарим орны зам талбай, барилга байгууламжийн орц, гарц, доторх талбайг хүний ялгаатай байдалд (хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт) тохируулан зохион байгуулсан шийдлийг хараад бид “хүний төлөө нийгэм гэдэг чинь энэ байх нь” хэмээн уулга алдаж, зураг хөргийг хадгалдаг даа. Нэг тиймэрхүү нийслэл хоттой болно оо л гэж байна.
Үнэн гэвэл улс төрийн бүх намууд өмнө нь хүүхдийн асуудлыг сонгуулийн зорилт болгож дэвшүүлж байсангүй. Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон хууль байдаг боловч энэ нь хүүхдийн асуудлыг хөндөж болохгүй гэсэн үг биш юм. Гол нь хүүхэд бол сонгуулийн эрхгүй этгээд. Энэ талаас нь намууд “ашиггүй субьект” гэж хараад үлдээдэг байсан ч байж магадгүй. Тиймээс сонгуулийнхаа уриаг зөвхөн сонгуулийн насны бүлэгт зориулж гаргадаг байв.
Харин энэ удаа АН хүүхдийг бодлогынхоо төвд оруулж, түүгээр дамжуулж хотын хөгжлийн тухай ярьж байна. Тэр дундаа хүүхдийн аюулгүй байдал, амьдрах орчны асуудал манай улсын, тэр дундаа нийслэл хотын хамгийн эмзэг, хөндүүр асуудал болчихоод байгаа. Авто ослоор нас барж, бэртэж гэмтэж байгаа тохиолдлын статистикийг аваад үзэхэд л хүүхэд хамгийн их хохирогч нь болдог. Утаа, угаар, гудамж талбайн тоосжилтоос болж хамгийн их өвчилдөг, энддэг нь бас л хүүхэд. Тэгвэл өнөөдөр өглөөний сурталчилгааны нээлт дээр АН-ын 44 нэр дэвшигч бүгд хар, цагаан хослол дээр цагаан гутал өмсөж ирэв. Энэ нь хотоо цэвэрхэн болгоё, цагаан гуталтай өдөржин явахад тортог тогтдоггүй цэвэрхэн хотод амьдарцгаая (Япон, Солонгос шиг) гэсэн санаа гэдгийг нэр дэвшигч Э.Энхзориг (Энхзориг Эрдэнэцэцэг нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан) хэлсэн.
Олон гоё залуучууд, дандаа залуучууд нэр дэвшсэн байна лээ. Олны танилууд, соошил инфлүүзрүүд ч байна. Гэхдээ соошлаар мөнгө олдог инфлүүзрүүд биш шүү. Дандаа ардчилсан тогтолцоо, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж дуугардаг, төрийн дарамтын шүүмжилж, төсвийн хэмнэлтийг нэхдэг “ориг” инфлүүзрүүд. Иргэдийн дуу хоолойг төрд хүргэхийн төлөө дуугардаг байсан эдгээр нөхөд төрийн (НИТХ гэдэг нийслэлчүүдийн хувьд төр юм) шийдвэрт оролцоод эхэлбэл эрхбиш өөрчлөлт гарна даа.
Нуулгүй хэлэхэд өнөөдөр Монголд Х.Нямбаатар шиг эрх мэдэлтэй, чанга дуутай, хийе гэснээ хийдэг, хэлэх гэснээ хэлдэг “бүгдийн дарга” алга. Учир нь энэ хүн төр болчихоод байгаа хэрэг. “Бордюр солихоо болиоч ээ, замаа засаач ээ” гэхээр “Ирэх жил солихгүй ээ” гээд л энэ жил дуусгаж байна шүү дээ. “Нөгөө хүүхдийн эмнэлэг, сургууль...” гэхээр “Чи мэддэг юм уу, дуугүй бай” гэдэг. Нийслэлчүүдийн үг тэр хүний чихэнд хүрэхээ больсон. Ёстой юу ч хэлсэн наалдахаа байсан. Энэ чинь төр нь иргэнээ дарамталж, дарлаж буйн хамгийн тод жишээ мөн биз дээ. Одоо тэгээд 270 тэрбумаар (О.Отгонтөгс нэр дэвшигчийн хэлснээр) бордюр сольчихсон, аймаар том бүтээн байгуулалт хийчихсэн мундаг амьтан сонгуульд ороод, аягүйдвэл ялаад гараад ирэх байх л даа. Ийм тогтолцоог л өөрчилье гээд байгаа юм. "270 тэрбум чинь 27 сургууль барих мөнгө шүү. 270 тэрбумаар бордюр солих чинь бүтээн байгуулалт биш шүү. Бүтээн байгуулалт юм бол иргэдээсээ асууж байж бүтээн байгуул, хөрөнгө мөнгөө ил тод мэдээл, Мэдээлэхгүй бол хулгай шүү” гээд нэг нөхөр өдөр бүр, амаа хаттал ярьж байгаа даа. Нэг ийм депутатай болох боломж Баянзүрхчүүдэд байна.
Харамсалтай зүйл гэвэл орон нутгийн сонгуулийн ирц жилээс жилд буурч байгаа. Буурсаар буурсаад байгаад одоо бүр ирцийн босго тавихгүй гэдэг хууль баталчихсан. Хорооны хэдэн идэвхтнүүд, намын ухуулагч нар гүйж очоод дуртай хүнээ гаргах боломжтой болсон. Мэдээж хамгийн мөнгөтэй, хамгийн эрх мэдэлтэй намын ухуулагч нар. Яагаад гэвэл иргэд өөрсдөө эрхээ эдэлж сонгуулиа өгөхгүй байгаа учраас өмнөөс нь өөр нэгэн тэр эрхийг нь эдэлдэг, хэрэгжүүлдэг.
Уг нь бол орон нутгийн сонгууль гэдэг иргэдийн хувьд УИХ-ын сонгуулиас илүү ач холбогдол өгч оролцох ёстой сонгууль юм. Танай гудамж гэрэлтэй байна уу, зам чинь бүрэн байна уу, хүүхдэд чинь тоглох талбай, амьсгалах цэвэр агаар байна уу гэдгийг тэнд шийддэг. Гэтэл иргэд болохоор “УИХ төсөв баталдаг, том мөнгө шийддэг” гэж хараад, ач холбогдол өгөөд байдаг. Асуудал гарангуут тойргийнхоо гишүүн лүү өргөдөл бариад гүйдэг.
Үгүй шүү дээ, тэнд чинь мөнгөтэй том мега төслүүдээ л ярина, Монгол Улсын бүх хуулийн гэдэс дотрыг эргүүлнэ. Өнөөдөр баталсан хуулиа маргааш өөрчлөөд л явж байдаг хүмүүс шүү дээ. Өгсөн өргөдлийг чинь бичиг хэрэг рүү шилжүүлээд, тэндээс нь “УИХ-ын гишүүний чиг үүрэгт хамааралгүй асуудал байна аа. Та хот, дүүрэгтээ буц даа” л гэдэг. Үнэн биз дээ.
Тийм болохоор хотоо сайхан болгоё, хотдоо сайхан амьдаръя гэж байгаа л бол нийслэл, дүүргийнхээ төлөөлөгч нарыг сонгох сонгуульд оролц, төлөөлөгч нараа таньж ав, араас нь хөөцөлд, өргөдөл гомдлоор дар. Тэгвэл тэд чинь ажлаа хийнэ.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн 30 жилд Улаанбаатарт нийтдээ 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ирэх дөрвөн жилд Засгийн газар үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ ээ” гэсэн байна лээ. Тэр мөнгийг чинь захиран зарцуулах, хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдгийг шийддэг хүмүүс чинь НИТХ, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч нар. Дахиад нэг “бордюрын босс”-той болох уу? хүндээ, хүүхэд рүүгээ чиглэсэн үр ашигтай зүйлд зарцуулах уу? гэдэг чинь энэ сонгуулиас шалтгаална. Л.Оюун-Эрдэнэ үүнийг хийхгүй, УИХ-ын гишүүд бүр оролцохгүй.
Дашрамд сануулахад, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд (26 гишүүн гарын үсэг зурсан) саяхан "Хүүхэд хөгжлийн карт" гэдэг зүйл санаачлаад, хуулийн төсөл өргөн бариад явж байгаа юм байна. Хуулийн төсөл d.parliament.mn сайтад байршсан учир иргэд гар утаснаасаа нэвтрээд саналаа өгөх боломжтой. Гол нь энэ бол хүүхдийн мөнгө биш.
УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа тухайн үед 30 гаруйхан суудалтай байсан АН Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг санаачилж, хүүхдийн 10 мянгыг олгодог болсон. Хоёр сонгуулийн дараа 20 мянга болгож, сүүлд МАН эрх барьж байхдаа коронавирусаар шалтаглаж 100 мянга болгосон. Харин "хүүхэд хөгжлийн карт" гэдэг бол хүнсний талон биш юм. Хүүхэд спорт, дугуйланд явах, бие бялдар, оюун санаагаа хөгжүүлэхэд нь зориулж төрөөс олгох нэг төрлийн тэтгэлэг. Энэ мөнгө эцэг эхчүүдийн гар дээр очихгүй, зөвхөн зориулагдсан, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд л хэрэглэнэ. Эцэг эхчүүд хүүхдийн 100 мянгыг хүүхдийнхээ ходоод руу хийдэг байсан бол Хүүхэд хөгжлийн карт нь хүүхдийг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулагдана гэсэн үг. Хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө хот болохын тулд хүүхэд чинь эрүүл чийрэг, итгэл, мөрөөдөлтэй байх ёстой биз дээ. Хот гэдэг ганц стандартаар үүнийг шийдэхгүй. Энэ стандарт айл өрх, гэр бүл рүү орж ирэх ёстой гэсэн үг.
inews.mn
Сэтгэгдэл байхгүй байна