Стратегийн ордуудаа төр хуу хамж аваад л хувь хишиг болгон мөнгө тараана гэж та нар итгээд байна уу?
Тэгвэл уучлаарай, багахан горьдоорой гэж хэлье. Учир нь манай яруу алдарт БЭТ Батзандан тэргүүтэн муусайн “баячууд”-аас стратегийн орд газруудаа авч, ард түмэндээ хишиг тараана гэж, зарим “нэг” хүмүүс ч стратегийн ордуудын 34-50 хувийг АРД ТҮМЭНД гэсэн эх оронч уриа хадуулан эх орноо тойрч яваа нь их өөр зорилготой прогонда байж магадгүй. Яагаад гэвэл ийн уриа дуудлага хадуулаад байгаа сратегийн ордуудын ихэнх нь мөнгө олох нь битгий хэл элгээрээ хэвтээд байгаа НҮЦГЭН үнэнийг хэн ч ил гаргахыг хүсэхгүй байгаа аж.
Стратегийн ордуудаас мөнгө саана гэсэн урт замыг эргээд нэг харья л даа.
-Бороогийн алтны орд; \ашиглаад дууссан\
-Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордууд \хөрөнгө оруулагч олодохгүйбайгаа\
-Хөшөөт, Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын ангилалд хамруулахыг даалгасан ч бүтлийг олоогүй \2013 он\
-“Цагаан суварга”-ын ордын 34%-ийг төр санхүүжүүлэх боломжгүй хэмээн уг ангилалд хамруулаагүй. \2014 он\
-Гацууртын алтны ордын 34%-ийг төрд аван нөөц ашигласны төлбөрөөр орлуулах хэлэлцээр явуулах гэсэн боловч таг зогссон. \2015 он\
-Төмөртэй төмрийн орд хувийн хөрөнгө оруулалттай байхдаа өндийж сэхэж байсан ч төрийн болсноор алдагдлын үүр уурхай болоод байгаа.
-Бүрэнхааны фосфорит ба Асгат мөнгөний орд мөд ашиглалтанд орохгүй хүнд байдалд байгаа.
-Бороогийн алтны ордыг ашиглаад дууссан.
Бүр нарийвчилбал
Стратегийн ач холбогдол 39 ордын
11 нь орон нутгийн хэрэгцээг нүүрсээр хангадаг нүүрсний ордууд (тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ихэнх нь хувьцаат компаниуд). Үүнээс:
-Нүүрсний ордуудаас 5 нь ашиглалтанд ороогүй, нөөц нь батлагдаагүй,
-Нэг нь буюу Налайхын нүүрсний орд ашиглаад дууссан,
-ТӨҮГ-т тусгай зөвшөөрөл нь байдаг төмрийн 2 орд,
-Бичил уурхайн хэмжээнд олборлолт хийдэг алтны 2 үндсэн орд,
-Ашиглалтанд ороогүй, бага хэмжээгээр ашиглаж байгаа цагаан тугалга, гянтболд, мөнгө, зэс цайрын 5 орд,
-Ашиглалтанд ороогүй металл бус ашигт малтмалын (давс, пироп, гөлтгөнө, цеолит ) 4 орд,
-Ашиглалтанд ороогүй Хөвсгөл аймаг дахь фосфоритын 2 орд,
-Ашиглалтын нөөцгүй Газрын ховор металлын 1 орд,
-Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ашигладаг цайр, хар тугалганы 2 орд,
-Ашиглаад дууссан жоншны 1 орд... гээд харахаар хэд хэчнээн нь төрд байгаа, төр хувийг нь авлаа ч хэд хэчнээн нь ямар ч ашиг өгөхгүй болохыг харж байгаа биз.
Гэвч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа эрх баригчид Стратегийн ордуудыг ард түмний өмч болгон хишиг тараана гэсэндээ бантаад дараагийн орд газруудыг онилон дөрөвдүгээр сард хэд хэдэн ордыг Стратегийн ордод нэмэхээр төлөвлөгөө гаргаад байна. Гэвч эдгээр нь ч мөн ашиг олох аргагүй, зөвхөн БЭТ болоод Монголыг хорлогчдыг хийрхэн хашгирах, хийсэн ажилтай болж харагдах зорилготой юм шиг гээд хэлчихэд хатуудахгүй.
Яагаад гэвэл ордуудыг төрд авна гэж замхруулах бүрт гэрээ хэлэлцээрүүд нь саатаж, гадаадын хөрөнгө оруулагчид нь айн зугатаж, эсвэл төрд авсан орд болгон нь төрийн авлигачдын идэж уух оромж нь болж, үйл ажиллагаа нь доголдож, дампуурч байсныг дээр өгүүлсэн ордуудын жишээнээс ч, амьдрал дээр ч харж байгаа буй за.
Тэгэхээр одоо Стратегийн ордуудаа төрд авахаар хувь хишиг гэж мөнгө авна гэж хууртахаа эртхэн боль доо, ард түмэн минь!!
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна