Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг нэр бүхий 40 гаруй гишүүн санаачилжээ. Гадаад зээллэг гэдэг нь Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.2 болон 4.1.15-д заасан гадаад зээл, үнэт цаас зэрэг хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилтийн арга хэрэгслүүдийг хэлж буй юм. Эрхэм гишүүдийн уг хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь төсвийн байнгын хороон дээр гадаадын зээл, хөрөнгө оруулалтын ажлын дэд хэсэг ажиллах үеэр Сангийн яамнаас мэдээлэл авахад Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг гол төслүүд одоогийн байдлаар явбал арван хэдэн жилийн дараа баригдаж дуусахаар тооцоолол гарч буйтай холбоотой аж. Энэ хооронд уг төслүүдэд зориулсан санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгаснаар дахиад арав гаруй жил үргэлжлэх хугацаанд ашиглаагүй зээлийн хүүг төлөөд, төслийг хэрэгжүүлж дуусгахгүй байна гэдэг тэвчишгүй, үргүй зардал мөн гэж үзжээ. Үүнд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй гурван гол төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хамааруулжээ. Энэ гурван төслийг онцолсон шалтгаан нь УИХ-аас соёрхон баталсан, хэрэгжиж эхэлсэн, гадаад зээлүүдийн ашиглах ёстой дүн 12.6 их наяд төгрөг байгаа юм. УИХ ч, Засгийн газар алдагдалгүй төсөв батлууллаа гээд алга ташаад эхэлсэн. Гэтэл бодит байдал дээр төсвийг алдагдалгүй батлангуут дээрх 12.6 их наядаас 1.5 их наядыг нь л ашиглахаар төлөвлөгдөж байгаа юм. Цаашид жилд 1.2-1.5 их наяд төгрөгийг л ашиглаж болно гээд бодохоор тухайн зээл нь бүтнээрээ банкинд хадгалагдаад, ашиглаагүй мөнгөнийхөө төлөө бид хүү төлөөд байна гэсэн үг. Тааз нь 5.1 их наяд төгрөг хэвээрээ.
Төсөл тус бүрт нь анхаараад үзвэл энэ жил төсөвт тусгасанаар Газрын тос боловсруулах үйлдвэрт 250 тэрбум, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд 70 тэрбум төгрөгийг л ашиглаж болно. Гэтэл төсөвт өртөг нь 865 тэрбум төгрөг. Газрын тос боловсруулах үйлдвэр 5.8 тэрбум, үүний өмнө нэг их наяд төгрөгийг нь ашиглачихсан. Нэмж 8.8 их наяд төгрөг ашиглана гэхээр арав гаруй жилд цувуулж авч ашиглахаар байна. Эрдэнбүрэнгийн УЦС-ын төсөвт өртөг 865 тэрбум төгрөг буюу 300-аад сая ам.доллар. Гэрээгээрээ 2028 онд ашиглалтад оруулах ёстой гэчихсэн байтал төсвөөсөө дөнгөж батлуулж аваад үйлдвэрээ бариад явж байна гэхээр ямар ч төлөвлөлтийн уялдаагүйгээр төсөвт баталчихжээ. Өөрөөр хэлбэл, мөнгө нь байвал дуусгаад ашиглалтад ороод, төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, өөрийнхөө хүчин чадлаар зээлээ төлөх ёстой төслүүдийг төсөвт буруу хуваарилж тусгаснаар ийм алдаа гарсан байна. Үүнийг яаралтай засах ёстой учраас нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилжээ.
Энэ хуулийн төсөлд тусгасан төслүүд нь УИХ-аас зээл авахыг нь соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын 2024-2028 оны хөтөлбөрт орсон, 14 мега төслийн жагсаалтад багтсан, импортыг орлох төслүүд юм. Жишээ нь, газрын тосны үйлдвэр жилдээ хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын импортыг орлоно. Бид хоёр тэрбум ам.долларыг газрын тос импортлоход зарцуулдаг бол үүний тал ачааг хөнгөвчлөх төсөл юм. Эрдэнбүрэнгийн УЦС-ын төсөл гэхэд л баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 80 хувь нь гадаадаас авдаг байсан бол зуун хувь дотоодоосоо хэрэглээгээ хангах ач холбогдолтой. Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл бол орчны бохирдол, авто замын түгжрэлийг шийдэх, хамгийн гол нь үйл ажиллагааны орлогоороо зарлагаа нөхөх боломжтой төслүүд юм. Тиймээс энэ гурван төслийг төсвийн хязгаарлалтаас гаргая гэсэн санаачилгыг дэвшүүлж уг хуулийн төслийг санаачилжээ.
Төсвийн хязгаар буюу 1.5 их наядад жил бүрт барихаа болиод тусад нь хайрцаглаад богино хугацаанд хурдан санхүүжүүлэн ашиглалтад оруулаад, өөрийнх нь үйл ажиллагаагаар зээлийг нь төлүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн аж.
Монгол Улс 1990 оноос хойш 2014 он хүртэл төсөл, хөтөлбөрүүдээ нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлдэг байсан. Гэхдээ эдгээр төсөл, хөтөлбөрүүд нь нийгмийн чиглэлийн буюу үр ашгаараа зээлээ төлөх боломжгүй төслүүдэд зээл авч байлаа. Үүнээс хойш 2020 он хүртэл дээрх Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төсөл зэрэгт нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийсэн. Харин 2024 оноос хойш дунджаас дээгүүр орлоготой орны тоонд багтаж нэн хөнгөлөлттэй зээл авах боломжгүй болсон юм. Засгийн газрын гадаад зээлийн ашиглалтыг харвал 21.7 их наяд төгрөгийн гадаад зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлаад 16.4 их наяд төгрөгийн зээлийг цахилгаан станц, төмөр зам, авто зам, дэд бүтцийн болон бусад салбарыг сайжруулахад зориулан ашиглаад дууссан, заримыг нь ашиглаж дуусаагүй. Яагаад ашиглаагүй вэ гэхээр төсвийн хязгаарт тулдагаас шалтгаалан гадаад зээлээс хэрэглэх төсвөө багаар төсөвлөдөг нь тухайн төслийн хэрэгжих хугацаатай уялдахгүй байгаагаас үүдэн зээлээ ашиглах, төслөө хэрэгжүүлж дуусгах боломжгүй болсон байдаг.
Төсвийн тодотгол хийхийг тэд хүсээгүй. Тодотгол хийх шаардлага үүсээгүй гэж үзэж байгаа юм байна. Магадгүй төсөвт тодотгол хийснээр дээрх гурван төслийг энэ жил санхүүжүүлэх хэмжээ бүр багасаж ч болно. Тиймээс энэ хуулийн төсөлд нэмж зээл авах, эсвэл өрийн таазыг нэмэгдүүлэх тухай огт тусгаагүй. Зөвхөн одоогийн буюу алдагдалгүй төсвийн хязгаарт гадаад зээлээ ашиглах боломж байхгүй болчихоод байгаа асуудлаар л гарц хайж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо байгаа 12.6 их наяд төгрөгийн гадаад зээлээ ашиглаж байж УИХ-ын баталсан хэлэлцээр, зээлийн гэрээ хэрэгжиж дуусах боломжтой.
Дээрх 12.6 их наяд төгрөгөөс 5.7 их наяд төгрөгийг Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийг хэрэгжүүлэхэд зарцуулж байж энэ хоёр төсөл ашиглалтад орно. Энэ оны төсөвт баталсанаар одоо бидний ашиглаж болох гадаад зээлийн тааз 1.5 их наяд төгрөг байгаа юм. Тухайлбал газрын тосны үйлдвэрт 209 тэрбум төгрөгийг л энэ жил ашиглаж болох таазтай. Гэтэл 2028 онд дуусахын тулд гурван жилийн тутамд жил бүр 1.6 их наяд төгрөг ашиглах боломжтой гэж төсвийн хуульд тусгасан. Зээл ашиглалтын үлдэгдэл 4.8 их наяд төгрөгийг ашиглаж байж буюу 15 жилийн дараа газрын тосны үйлдвэр ашиглалтад орно гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг харахад төсөвт өртөг нь 300 сая ам.доллар буюу 900-аад тэрбум төгрөг. Үүнээс 70 тэрбум төгрөгийг л энэ жил зарцуулж болно. Энэ хурдаараа явбал 10 жилийн дараа энэ төсөл хэрэгжиж дуусах боломжтой.
Тэгэхээр нэр бүхий 40 гишүүний санаачлаад байгаа Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийн гол агуулга нь УИХ соёрхсон, хэрэгжиж эхэлсэн, хурдан хэрэгжүүлээд ашиглалтад орвол импортыг орлох, зээлээ нөхөх төслүүдийн гадаад зээлээс олгох хэмжээг нэмэгдүүлж түргэвчлүүлээд үр ашгийг нь үзье, дараагийн зээлийн хэлэлцээрүүдийг батлаад нэмж зээл авах төслүүдээ хэрэгжүүлж эхэлье гэсэн санаачилгыг дэвшүүлж байгаа юм. Энэ талаар Газрын тосны үйлдвэр барих төслийн нэгжээс ирсэн саналыг харахад, 2025 онд 1.8 их наяд төгрөгийн ажлыг хийх хэрэгтэй байна. УИХ-аас баталсан 1.6 их наяд төгрөгөөр энэ ажлыг хийхэд дутаад байна гэж байгаа юм. Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл дээр 160 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Та нарын баталсан 70 тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийх боломжгүй гэж байна. Тэгэхээр ийнхүү хойшлох тусам хохиролтой. Энэ хугацаанд төсөвт өртөг жил ирэх тусам нэмэгддэг. Ашиглаж байгаа зээлийн төдийгүй ашиглаагүй байгаа зээлдээ ч хүү төлж байгаа гэдэг нь гол асуудал болоод байгаа юм.
Жишээ нь Газрын тосны үйлдвэр. Анх нэг тэрбум ам.доллар, дараа нь 1.2 тэрбум, сүүлд 1.7 тэрбум ам.доллар болгож, одоогийн байдлаар 2.1 тэрбум төгрөг. Төсөвт өртөг нь гурван удаа нэмэгдчхээд байгаа энэ төсөл дахиад арван хэдэн жил үргэлжилнэ гэвэл төсөвт өртөг нь хэр нэмэгдэх бол? Газрын тосны үйлдвэр, Эрдэнбүрэнгийн УЦС барих төслүүд аль алиных нь ТЭЗҮ-ийг харахад маш гоё, үр ашгаа зургаан жилийн дотор нөхнө гэсэн байдаг. Эрчим хүчний хараат бус байдал, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болно, үүнд яарцгаая гээд байгаа мөртлөө батлагдсан гадаад зээлийг нь ийнхүү жил бүр олон тасалж төсөвт тусган хугацаа алдаад байгаа нь гол гажуудал юм. Үүнээс гарах арга зам нь зөвхөн хурдан хугацаанд үр ашгаа өгч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зээлээ төлөх боломжтой энэ төслүүдийн санхүүжилтэд арай өөр хууль хэрэглэе, энэ бол “хуулийн хулгай” биш шүү гэдгийг төсөл санаачлагч гишүүд хэлж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар харин ч зээлийг ашиглах хугацааг уртасгаж, үр ашгийг багасган, төсөвт өртөг нь жилээс жилд нэмэгдээд түүнийхээ төлөө татвар төлөгчид хүү төлөөд, үр дүнд нь төсөл хэрэгжиж үйлдвэрүүд ашиглалтад орохгүй байгаа нь хэн нэгний, хэсэг бүлэг хүний сонирхолд нийцсэн гацаах технологи юм биш биз гэж үзэж байгаа бөгөөд тэдний санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь гарын үсгээ зурж дэмжсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна