“ДЦС-3”-ын турбин дэлбэрэхэд бэлэн болжээ. Хошигнож хэлбэл тэр турбин төрийн тэргүүнтэй маань нас чацуу, 1968 оных юм гэнэ. Бүхэл бүтэн нэгэн жарны турш аргадаж тордсоор одоо засал авахаа больсон байна. Үүнийг засахад тусгасан төсвийн мөнгөөр үнсийг хийсэхээс нь хамгаалж хашаа барихад нэг тэрбум, эсвэл үнсээ Эмээлтийг хүртэл зөөхөд арван тэрбум төгрөг гэхчлэн өөр зориулалтаар зарцуулсаар ийнхүү цоорох шахсан “шүүрэн шанага” шиг турбинтэйгээ өнөөдрийг хүрчээ. Үнс яагаад хэсэг бүлэг хүний мөнгө угаах хэрэгсэл болсон талаар хойно өгүүлнэ. Одоо турбинээ ярья.
Хэдхэн хүн гарын үсэг зурах, эсэх шийдвэрээс болоод, шууд 50-60 МВт-ын хүчин чадлын дутагдалд орчихлоо. Хоёр турбин ажиллуулах боломжгүй, нэг зуух ашиглалтад оруулж чадахгүйд хүрээд байна. Шалтгаан нь “Эрчист Монгол” компанийнхан хүмүүс хариу өгөхгүй байгаагаас болоод л тэр. Төсөв нь ердөө 18 орчим тэрбум төгрөг, “ДЦС-3”-ынхаа дансанд бэлэн байгаа боловч үүнийг зөвшөөрсөн гарын үсэг л хэрэгтэй гэнэ. Тэр нь хэний гарын үсэг байх нь бас эргэлзээтэй. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Эрчим хүчний группийн захирал Г.Мөнхцоодол, эсвэл ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын хэнийх нь гарын үсэг юм, бүү мэд.
Хамгийн сүүлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хоёрдугаар сарын 8-нд албан бичгээр мэдэгдсэн байна. Түүнээс хойш хариу байхгүй. Сайд өөрөө шийдэх гэхээр “Эрчист Монгол” компани нь шийддэггүй. Түүний дээр ЗГХЭГ бий. Ингээд гацчихаж.
Гарын үсэг зурах хүн нь тодорхойгүйгээс болоод ирэх сарын 2-6-нд тэг зогсолт хийх гэж байна. Гэтэл түүнээс өмнө дэлбэрч ч магадгүй болчхоод байгаа юм. Одоо тайлбарлая. Турбиний задлаад асар том цлиндрийг нь авч, засаж шинэчлэх ажил хийх шаардлагатай. Тэр цлиндр нь нэг минутад 2800-3000 удаа эргэж байх ёстой. Тэгж байж ротер нь эргэж, цахилгаан гаргадаг. Уураар ажилладаг тосон дотор эргэлдэж буй энэхүү турбиний цлиндрийн ан цав, цууралтын гүн нь 25-30 мм болчихсон учраас өндөр даралттай, асар хурдтай эргэлтдээ цохигдоод гаргаж байсан цахилгаан үүсгүүр нь унахдаа дэд станцуудаа татаж унаад станц тэр чигээрээ дэлбэрнэ гэж тайлбарлаж байна. Хэрэв өвөл ийм зүйл тохиолдвол хот хөлдөх аюултай. Одоо ийм аюул гэнэт боллоо гэхэд нийслэлийн иргэд цахилгаангүй, халуун усгүй, ая тухгүй амьдарч, бэлэн байсан 18 тэрбум төгрөгийг яагаад үүнд зарцуулсангүй гэж хоорондоо хэрэлдэж маргаад л үлдэхээр байна. Үүнээс гадна түүнийг засах гэж олон тэрбум төгрөг, их хэмжээний цаг хугацаа шаардагдана.
Бүх турбин ийм байгаагаас хамгийн хүнд нь энэ. Турбиний тоноглолыг шинэчлэх талаар олон жил ярьж буй. Арайхийн шийдэх гэхээр гарын үсэг зураагүй гэдэг өчүүхэн шалтгааныг тоочиж байна. Энэ тухай үе үе, хэн хүнгүй ярьсаар тоохоо больчихсон, дөжирсөн гэдэг нь үнэн.
“ДЦС-3” төрийн өмчит компани мөнгөгүй юм уу гэхээр үнсэн санд цугларсан үнсээ 37.5 тэрбум төгрөгөөр Эмээлт дэх 55 га газарт ухаад булах гэж байгаа юм. Үүнээс энэ онд эхний 10 тэрбум төгрөгийг энэ ажилд зориулна. Эмээлт рүү ингэж тээвэрлэх энэ үнс нь цацраг идэвхт бодис радиоактивтай. “ДЦС-3”-аас Эмээлт орох замд цацраг идэвхт бодисыг ачааны машинд ачаад ямар нэг юмаар бүтээгээд тээвэрлэнэ. Тэгээд Эмээлтэд аваачаад булна гэсэн үг. Ийм зүйл өмнө нь хийж байгаагүй. Өмнө нь цацраг идэвхт бодисыг нь бууруулаад, усан санд үнсэн сан байгуулж хор хохиролгүйгээр зохион байгуулдаг байлаа. Ерээд оны дундуур Японы “JICA”-ийн судалгаагаар одоогийн Зайсангийн “Будда вилла” орчимд хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлт гарч байжээ. Учир нь, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын үнс буюу цацраг идэвхт бодис тэнд хийсэж очдог, улмаар 30-40 жилийн дараа хүний биед нөлөөлнө гэж үздэг байв. Энэ дүгнэлтийг хав дараад газар олгож, хороолол, хотхонууд сүндэрлэчхээд байна.
Гэхдээ энэ үнсийг хор гэж үзэх бус эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Жишээ нь, асфальтан зам, бетонон блок зэргийг хийхэд 20-30 хувьд нь барьцалдуулагчийн үүрэгтэйгээр үнс ашигладаг. Ерөөсөө үнс бол мөнгө. Үүнийг ашигтай бөгөөд аюулгүй шийдэх арга, гарц хангалттай бий. Одоо нийслэлээс хурдны замын тендер зарлаж эхэллээ. Дотоодын зам, барилгын компаниуд ч, гадаадынхан ч тус цахилгаан станцаас үнс худалдаж авах хүсэлт тавьдаг. Хятад, Солонгос, Герман, Японоос худалдаж авах хүсэлт тавиад байна. Гэтэл үүнийг өгөх гэхээр төлөвлөгөөнд орчихсон учраас ингэж шийдэх боломжгүй гэдэг.
Ийм шалтгаар Эмээлт рүү 37.5 тэрбум төгрөгөөр, үүнээс энэ жил 10 тэрбум төгрөгөөр аваачиж булах гээд байгаа нь хэсэг бүлэг хүний эрх ашиг гэдэг нь ч тодорхой болоод байна. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед салбарынх нь дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хамаарал бүхий компани болон одоогийн сайдын нэрийг барьсан зарим этгээд стандартын бус далан гэгч зүйл хийж, ашиг олж гаршчихаад байна.
Гэтэл станц нь 15 тэрбумын алдагдалтай, түүнийгээ батлуулчихсан гээд ашигтай ажиллах талаар сэтгэн бодохгүй, шинийг хийх гэхээр адалж түлхээд байгааг юу гэж ойлгох вэ?! Энэ чинь дампуурчихсан гэсэн үг биш үү? Зөвхөн засварын цехийн ажилчдын цалин нэг жилд есөн тэрбум төгрөг. Үүнийг хэмнэх, гадаадын станцуудынх шиг зөвхөн шаардлагатай үед засварын үйлчилгээ авдаг байхаар гэрээ байгуулаад ажиллах гэх мэт шинэ санаачилга дэвшүүлэхээр хэн ч дэмждэггүй.
Хүний нөөцийн бодлого нь алдагдаж, “тавиулууд” олшрон, цалингийн зардал нэмэгджээ. Тэгсэн мөртлөө маш хүнд, халуун нөхцөлд ажиллаж буй хамгийн чухал хүмүүс нь 1.4 сая төгрөгийн цалинтай. Тэгсэн мөртлөө “Манайд хүн тогтдоггүй, “ДЦС-4”, Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу яваад байна” гэдэг. Эрчим хүчний тариф нэмэгдсэнээр үр дүнгээ өгөхөөр байтал үрэлгэн зардал, лоббидогчдын шунал үүнийг даваад байна.
Хэрэв “Эрчист Монгол” ХХК ч, ЗГХЭГ ч учраа олохгүй, нүд чихээ нээхгүй бол “ДЦС-3” дэлбэрэх нь.
Сэтгэгдэл байхгүй байна