
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай энэ сарын 22-нд нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө.
Уулзалтаар бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, шийдлийн талаар танилцуулж, санал солилцов. Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд тавих, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгахыг онцолж, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.
Мөн “Оюу толгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг яаравчлах, УИХ-ын тогтоолын дагуу Бор-тээгийн ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанд суурилсан цахим системд бүрэн шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулахыг үүрэг болголоо.
Дээрх ажлыг хэрэгжүүлэхдээ 2026 онд сахилга, хариуцлагыг чангатгаж, хугацаа заан, хэмжигдэхүйц үр дүн бүхий төлөвлөгөөг яаралтай боловсруулан танилцуулах шаардлагатайг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.


Сэтгэгдэл байхгүй байна