
Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.25/ мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 2019–2021 онд алдагдалтай ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагад нийт 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон тухай тайлан гаргасан байна. Тухайлбал, “Алтайн Улиастай эрчим хүчний систем” ТӨХК нь 2019 онд 3.4 сая, 2020 онд дөрвөн сая, 2021 онд нэг сая, 2022 онд гурван сая төгрөгийн алдагдалтай ажилласан атлаа тус компанийн захирал О.Пүрэвсүрэн 11.7 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан байна. Мөн 2020 онд захирлаар ажиллаж байсан Т.Ганзориг 42.1 сая төгрөг, 2021 онд 40 сая төгрөгийн урамшуулал авсан.
“Засгийн газрын авто бааз ТӨҮГ” нь 2019–2021 онуудад алдагдалтай ажилласан бөгөөд тус компанийн захирлаар ажиллаж байсан С.Энхбаяр 2019 онд 6.9 сая, 2020 онд 2.9 сая төгрөгийн урамшуулал авсан бол 2021 онд захирлаар ажиллаж байсан Г.Чинзориг 5.4 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал, “УБЦТС” ТӨХК-д 2019 онд захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 21.3 сая төгрөг, 2020 онд 14.9 сая төгрөгийн урамшуулал авсан бол 2021 онд захирлаар ажиллаж байсан Р.Дагдан 12.8 сая төгрөгийн урамшуулал авсан. “Биокомбинат” ТӨХХК-ийн захирал О.Цолмон 2022 онд 12.4 сая төгрөгийн урамшуулал авсан бол ДЦС-4 ТӨХК-д 2020 онд захирлаар ажиллаж байсан Ү.Төмөрхуяг 69.4 сая төгрөгийн урамшуулал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг 2020 онд 28.4 сая төгрөг, 2021 онд 19 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан бол 2020 онд Хөдөө аж ахуйн биржийн захирлаар ажиллаж байсан Х.Баатар 13.2 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал, Мөн “ИНЕГ”-т 2021 онд захирлаар ажиллаж байсан н.Бямбасүрэн 102.8 сая төгрөгийн урамшуулал авсан бол “Тавантолгой түлш” ХХК-д 2021 онд захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар нарын нийт 63 албан хаагч хамтдаа 568.8 сая төгрөгийн урамшуулал тус тус авсан байна.
Үндэсний аудитын газрын мэдээллээр, 2024 онд төрийн өмчит компаниудад хийсэн хяналт шалгалтаар нийт нэг их наяд 29 тэрбум 530 сая төгрөгийн дүн бүхий 1555 зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 1.3 тэрбум төгрөгийн 220 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 750.1 тэрбум төгрөгийн 600 зөрчлийг арилгах, таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Мөн зөрчил гаргасан 20 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагыг холбогдох байгууллагад тавьсан. Гэвч Үндэсний аудитын газраас тодорхой хэмжээний шаардлага хүргүүлдэг ч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой асуудлыг 2001 оноос хойш УИХ удаа дараа хэлэлцэж, шийдвэр гаргасан боловч эдгээр шийдвэрийн гүйцэтгэл, хэрэгжилт ердөө 37 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй, нийгмийн шинж чанартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар гаргасан.
Засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаагаас үр өгөөж нэмэгдэхгүй, нээлттэй ил тод орчин бүрдэхгүй байгаа эрсдэлийн шинжилгээг танилцуулсан. Төрийн өмчит байгууллагуудын удирдлагыг хэрхэн, яаж томилж ирсэн бэ гэдэг асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар энэ оны эхэнд “2025 оноос төрийн өмчит компаниудын удирдлагыг сонгон шалгаруулалтаар, ил тод нээлттэй томилно” гэж мэдээлж байсан. Гэтэл “МИАТ”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит томоохон компаниудын захирлуудыг сонгон шалгаруулалтаар томилсон эсэх нь тодорхойгүй тул энэ асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хорооноос асуумаар байна.
Төрийн өмчтэй холбоотой алдаа, зөрчлийг засна, алдагдлыг арилгана, ил тод нээлттэй байна гэж мэдээлж байгаа ч нөгөө талаар өөрсдийн хамаарал бүхий этгээдийг тохоон томилсон байдал үргэлжилсээр байна.
Цаашид төрийн өмчит компаниудад эрх хэрэгжүүлэгч, төлөөлөл хэрэгжүүлэгч хэлбэрээр томилогдож байгаа албан тушаалтнуудын асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй бол алдаа, дутагдал давтагдсан хэвээр байна” гэв.


Сэтгэгдэл байхгүй байна