• Эхлэл
  • 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв

2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв

2025/12/28

2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

o   Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

o   Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

o   Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

o   Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Уур амьсгалын тойм

Нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар -24…-30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30…-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12…-18°С, бусад нутгаар -18…-24°C хүйтэн байдаг.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас харвал 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД–аас 1–8°С–ээр дулаан байсан нь 1979 оноос хойшхи хамгийн дулаан 1 дүгээр сар болсон бол 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1–9°С–ээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр сар болсон байна.

Сарын нийлбэр хур тунадас Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог.

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон байна. Харин 1993, 2020 онуудын 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойшхи хамгийн бага тунадастай 1 дүгээр сар болсон байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн (Зураг 5), хур тунадас Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД аас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна (Зураг 5, 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5) байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэргийн дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна