
Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак төрийн сангийн томоохон авлигын хэрэгт буруутгагдан 15 жилийн хорих ял сонслоо. Энэхүү хэрэг нь тус улсын түүхэн дэх хамгийн том санхүүгийн дуулиануудын нэгт тооцогдож байна. Шүүхийн шийдвэр нь одоо татан буугдсан төрийн хөрөнгө оруулалтын сан болох "1Malaysia Development Berhad" (1MDB)-тай холбоотой олон жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн юм. Уг хэрэгт Нажиб Разак олон тэрбум ам.доллар завшсан байж болзошгүй гэж үздэг.
Нажиб Разак 2009–2018 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, итгэл эвдсэн зэрэг хэд хэдэн хүнд зүйл ангиар яллагдсан байна.
Прокуроруудын үзэж буйгаар тэрбээр төрийн хөрөнгийг хувийн данс руугаа шилжүүлж, "1MDB"-тэй холбоотой хууль бус санхүүгийн шийдвэрүүдийг баталсан аж.
Шүүхээс ял оноохдоо Нажибын үйлдэл нь олон нийтийн итгэлийг ноцтойгоор алдагдуулж, Малайзын санхүүгийн тогтолцоонд ихээхэн хохирол учруулсан гэж онцолсон байна. 15 жилийн хорих ял нь "1MDB"-тэй холбоотой хэргүүд дундаа хамгийн хүнд ялд тооцогдож байна. Нажиб Разак өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг давж заалдсан боловч дээд шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар ял эдлүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
"1MDB"-ийн дуулиан Малайзын улс төр, эдийн засагт гүнзгий нөлөө үзүүлж, 2018 оны сонгуульд Нажиб ялагдахад хүргэсний зэрэгцээ олон улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа өрнөх шалтгаан болсон юм. Энэхүү шийдвэр нь Малайз улс өндөр түвшний авлигатай тэмцэх, хууль бус аргаар гадагш урссан хөрөнгийг эргүүлэн авах хүчин чармайлтад чухал ахиц гарсныг харуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC


Сэтгэгдэл байхгүй байна