
Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар тэргүүтэй дүүргийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу амрахаар явсан дуулиан дэгдэж, Ерөнхий сайд тэднийг ажлаас нь хал гэж мэдэгдсэн. Эдгээр нэр бүхий албан тушаалтнууд Татварын ерөнхий газраас зөвшөөрөл авалгүй явсан бөгөөд улсын төсөв, өөрсдийн зардлаар болон байгууллагын зардлаар ч яваагүй гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран мэдээлсэн.
Дуулиан дагуулсан "амрагчид" өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд Нийслэлийн татварын газрын дарга М. Болдбаатар хэвлэлийнхэнд ийм хариулт өгсөн байна.
М. Болдбаатар:Зардал санхүүжилтийг Нийслэлээс зохион байгуулсан
-Бид бүхэн холбогдож чадахгүй байсан тул тодруулага хийж чадахгүй, хэдэн өдөр өнгөрлөө. Энэ асуудлаас болж хэл ам гарсанд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Бидний хувьд Нийслэлээс зохион байгуулсны үндсэн дээр яваад ирж байна. Зардал санхүүжилтийг Нийслэлээс зохион байгуулсан. Манайх Нийслэлийн Засаг даргын газрын дэргэдэх Хэрэгжүүлэгч агентлаг. Энэ утгаараа явж ирсэн. Би шууд удирдлага тул Нийслэлийн дүүргүүдийн дарга нарт чөлөө өгсөн. Өөрөө бол Ерөнхий газарт мэдэгдсэн. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранд хандсан. Хүсэлтээ өгсөн. Бид Нийслэлээс хоёр гэрээтэй явдаг. Манай байгууллага, миний ажлын хүрээнд байдаг хүмүүс явсан. Би өөрөө хариуцлага хүлээнэ.
Нийт байгууллагын хувьд ерөнхий газраас зардал байгаагүй. Дарга нар маань Дубай руу төсвийн орлогын талаар туршлага судлах гэж явсан. 20 жилийн дотор хөгжсөн орон тул тэр утгаар нь туршлага судлах гэж явсан. Тодруулгын хувьд Ерөнхий газраас мэдээлэл хийх болохоор Даваа гаригаас асуултад хариулъя. Нийслэлийн төсвөөс зардал гаргаагүй. Бид өөрсдийн хураалтын зардалтай байх ёстой. Энэ утгаараа Улсын төсвөөс ч юм уу аль нэг байдлаар зардал аваагүй. Нийслэлд хүсэлт тавьсан. Тэр утгаараа Нийслэлээс зохион байгуулахад оролцсон. Залуу хүмүүсийн хувьд ч тэр бид ямар ч мэдээлэл аваагүй байна. Даваа гаригаас эхлэн мэдээлэл бүрэн өгнө.
Би өөрийн ажилтнууддаа аялалд явах зөвшөөрөл өгсөн. Хэмнэлтийн хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Зардлын талаар мэдэхгүй. Дүүргийн дарга нар надтай Дубай явсан. Ирэх Даваа гаригаас та бүхэнд хариулъя. Би залуу дарга нарынхаа амьдралыг хохироомооргүй байна.


Сэтгэгдэл байхгүй байна