
Соёлын төв өргөөг нурааж, шинээр өндөр барилга барих гэж байгаа гэсэн дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Харин албаны эх сурвалжууд барилгыг нураах гээгүй, засвар хийхээр судалж байгаа гэсэн тайлбар өгөөд байгаа юм.
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй учраас суурийн хэсэг усанд автдаг, цахилгааны осол гарах өндөр магадлалтай байгаа аж.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Соёлын төв өргөөг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл их засвар, томоохон шинэчлэл хийгдээгүй. Үүний улмаас барилгын B1 давхар усанд автдаг, цахилгааны аваар осол гарах эрсдэлтэй, инженерийн шугам сүлжээ бүрэн хуучирч муудсан. Өнгөрсөн жил лифт болон үүдний хэсэг, цахилгааны зарим шугамд засвар хийж, аюулгүй болгож сайжруулсан. Мөн энэ жил дулааны шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөсөн. Нийслэлээс соёлын өв болсон барилгаа анхаарч, шинэчлэх, хүчитгэхээр судалж байна” гэлээ.
Соёлын төв өргөөний дарга Л.Ариунтуяа “СТӨ-г ОХУ-аас барьж, бэлэглэж байсан. Энэ том байгууламжид их засвар хийгдээгүй учир мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд сууриараа ус нэвчиж орж ирдэг, дулааны маш их алдагдалтай, эрчим хүчний тоноглол хуучирсан, дулааны тоноглолуудад их засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарсан. 2025 онд СТӨ өөрийн дотоод нөөц бололцоогоор буюу 550 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалтууд хийсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэхдээ зургаан ажилд тендер зарлаж, зарим засварыг хийсэн. Бид мэргэжлийн байгууллагуудаар ул суурьтай шалгуулж, дүгнэлт гаргуулж, төлөвлөлт хийж түүхэн барилгаа авч үлдэхээр ажиллаж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн жилээс нийслэлийн өмчийн байраа өөрсөө эзэмшиж, өөд нь татахыг зорьж байна” гэлээ.




Сэтгэгдэл байхгүй байна