• Эхлэл
  • Ерөнхий сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ?

Ерөнхий сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ?

2026/01/15

Хоёр хоногийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ийн шууд ярилцлагад орж, иргэдийн асуултад хариулахаар болсон. Иргэдийн асуулт, саналыг И-Монголиа, D-gov.mn сайт, "11-11" төвийн утсаар хүлээж авахаар болсон.

Гэвч иргэдийн илгээсэн бүх асуулт, санал бодлыг шууд нэвтрүүлгийн гурван цагт багтааж бүгдийг ярих боломжгүй учраас Ерөнхий сайдаас эчнээ асуух ганц асуулт байна. Хотын дарга Х.Нямбаатарыг хэзээ чөлөөлөх вэ?

Шинэ оны энхний өдрүүдэд Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар цэргүүдээ /нийлэлийн 9 дүүргийн татварын хэлтсийн дарга нар/ дагуулан АНЭУ-ын Дубай хотод хаанаас санхүүжүүлсэн нь тодорхойгүй, хэнийх нь мэдэгдэхгүй мөнгөөр ажил төрлөө хаян барин аялан зугаалсан хэрэг мандсан.  дүүгийн татварын хэлтсийн дарга нар нийслэлийн татварын газрын даргатайгаа хуугаараа ажлаа хүлээлгэж өгөөд байгаа.  

Нэгдүгээрт дээрх нөхөд дээр ажилладаг байгууллагын зүгээс албан томилолт бичигдээгүй, амралтаа аваагүй байсан учраас ажлын байраа дур мэдэн хаясан буюу ажил тасалсан хэрэгт унаад байгаа. Ерөнхий газрын дарга буюу шууд удирдлага нь “Аяллыг цуцал” гэдэг үүрэг өгчихөөд байхад Нийслэлийн татварын газрын дарга “Би чөлөө өгсөн, хариуцлагаа хүлээнэ” гэж хэлээд ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон.

Хоёрдугаарт аяллыг санхүүжүүлсэн этгээд одоо болтол тодорхойгүй. Сангийн сайд “төсвөөс зардал гаргаагүй” гэж хэлсэн. Аялагч этгээдүүд мөн өөрсдөө зардлаа төлөөгүй гэдгээ хүлээсэн. Аяллыг “нийслэлээс зохион байгуулсан” гэдэг гуравхан үгтэй, зардлаа хаанаас гаргуулсан, хэнээр төлүүлсэн бэ? гэдэг асуултад хэн нь улайгаагүй. Цахиур Төмөр хошуу алгасч адуу туудаг шиг л тас гүрийж байгаа. Ажлаа алдахаас айхгүй мөртлөө ивээн тэтгэгчээ илчлэхээс эмээж байна гэдэг бол ард нь асар том “но” байна аа л гэсэн үг.

Тэгэхээр энэ бол нэгдүгээрт төрийн алба хаагчийн ёс зүй, ажлын байрны дүрэм журам зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн албан тушаалын гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Тэр ч утгаараа Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэлийн татварын газрын даргыг дүүргийн дарга нартай хамт ажлаа хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьсан. Зүй ёсны шаардлага.

Гэвч авилгын гэмт хэрэг гэдэг хоёр талтай. Авилга авсан нь байхад өгсөн хүн бас байдаг. Манай Эрүүгийн хуулиар авсан, өгсөн этгээд хоёулаа ялтай. Тиймээс нөхдийг ажлын байраа орхиход хүргэсэн нөгөө талын этгээдийг хуулийн байгууллага олж тогтоох ёстой. Зуун жилийн өмнө Цахиур Төмөрийн туусан адуу хотын даргын сейфэнд хэвтэж байна гэж лав байхгүй.

Энэ шалтгаанаар хотын даргыг чөлөөлөх тухай асуудал өнгөрсөн амралтын өдрүүдээр яригдаж эхэлсэн ч “Хотын даргын суудлыг хэн залгамжлах вэ?” гэдэг хэрүүлээс болоод гацаанд орж байгаа бололтой. Хэн нэг нь санаатай, санаагүй “Хот байгуулалт, барилга орон сууцжилтын яамны сайд Э.Бат-Амгалан хотын дарга болох гэнэ” гэдэг бор шувуу нисгээд, араас нь “тэр ч биш шүү, энэ ч биш шүү” гэсэн соошил түрэлтүүд. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байж болох ч хотын даргын ажлыг хавсардаг хууль байхгүй. Х.Нямбаатар шиг гишүүнээсээ, сайдаасаа татгалзаад бууж ирдэггүй л юм бол. Тэгж болдог байлаа ч МАН, Засгийн газар энэ үзэгдлийг хоёр дахиа давтаж, жишиг болгож болохгүй. Хэтэрхий увайгүй харагдана.

Товчхондоо хотын даргыг чөлөөлөх эсэх нь эхний асуудал. Чөлөөлж гэмээн дараачийн томилгооны тухай ярих ёстой. Тэр болтол хотын даргын олон орлогчоос хэн нэг нь үүрэг гүйцэтгэгч хийгээд байж болно шүү дээ. Бидний сайн таних нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гэж мэдэхгүй юмгүй, оролцохгүй асуудалгүй “сайн эр” бий. Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгссөн, 2017 онд Австралийн Күийсландын Их сургуульд инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр мастер хамгаалсан гэх мэт, хоосонгүй л нөхөр. Долоо хоног цас цэвэрлэж, давс цацахад үүнээс илүү боловсрол шаардахгүй. Манай Х.Нямбаатар ч гэсэн хувийн дээд сургуульд эрх зүйчээр сурсан боловч болгоод л байсан. Тэгж байтал нам, засаг маань эрх биш дараагийн хүнийг томилж л таарна.

Манай зарим нөхөд "Хотын дарга аймаар гоё бордюр тавьсан. Муусайн ТҮЦ-нийхний цусыг нь хольж, байгаад хотоо аягүй өнгө үзэмжтэй болгосон. Сэлбэ, Дунд голын бургасыг янзын гоё тайрсан. Ажил хийсэн хүн алдаж болдоггүй юмуу?" гэх гээд байдаг. Өөрийнхөө сонгосон албан тушаал дээр өөрт оногдсон ажлаа хийгээд явж байгаа хүн "Би та нарын төлөө чөмгөө дундартал зүтгэж байхад та муусайн нар..." гэж хийрхэх ч гэсэн тэнэгрэл. Хууль зөрчихгүй, хулгай хийхгүй байх нь чинь хотын дарга байтугай жирийн иргэнд тавигддаг хориг. Хотын дарга учраас хуулиас гадуур гэдэг эрх дарх, дур зорго байх ёсгүй. 

Тиймээс Х.Нямбаатарын оронд хэнийг томилох вэ? гэдэг нэгдүгээр асуудал биш. Харин Х.Нямбаатарыгаа буулгаж чадах уу, үгүй юу гэдэг л МАН-ын, Засгийн газар, Ерөнхий сайдын толгой өвдөх асуудал болоод байна. Хаа хамаагүй Ерөнхийлөгчийн сонгууль, нам доторх зодоон гэх мэтээр төөрүүлээд, тойруулаад баймааргүй байна. Тиймээс Ерөнхий сайдаас шууд асууя, хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ?

Нийтлэлч Сэмүүн

INEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна