• Эхлэл
  • Украинд дайны байдлыг дахин 90 хоногоор сунгажээ

Украинд дайны байдлыг дахин 90 хоногоор сунгажээ

2026/01/15

КИЕВ, 2026 оны нэгдүгээр сарын 15 /DW/. Өчигдөр болсон Украины Дээд Радын хуралдаанаар улс оронд дайны байдал ба бүх нийтийн дайчилгаа зарласан хугацааг дахин 90 хоногоор сунгах тухай хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч В.Зеленский өргөн барьсан байна.

Ингэснээр дайны байдлын дэглэм хоёрдугаар сарын 3-наас тавдугаар сарын 4 хүртэл сунгагдлаа. Дайны байдал зарласан хугацааг сунгах тухай хуулийн төслийг парламентын 330 гишүүн, бүх нийтийн дайчилгааг сунгахыг 312 гишүүн дэмжсэн байна.  

Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Зеленский хэлэхдээ “Украин улс аюулгүй байдлын баталгаа авах хүртэл Оростой хийж буй дайн зогсохгүй” гэж мэдэгдсэн юм.

Оросын арми 2022 оны хоёрдугаар сард Украинд халдан довтолсноос хойш тус улсад дайны байдлын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд Ерөнхийлөгч В.Зеленский бүх нийтийн дайчилгааны тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ удаад дайны байдлыг 18 дахь удаагаа сунгалаа. 2025 оны наймдугаар сард Украины засгийн газар 18-22 хүртэлх насны залуу эрчүүдийг гадаадад зорчихыг зөвшөөрсөн байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна