
Гренландын талаарх байр сууриас нь шалтгаалан Европын найман улсын бараанд 10 хувийн татвар тогтоох шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд Америкийн бараанд хариу татвар ногдуулж, тус улсын компаниудын Европ дахь үйл ажиллагааг хязгаарлах тухай асуудлыг Европын Холбоо /ЕХ/ хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай нэрээ нууцалсан нэгэн дипломатчийн ярьснаас эш татан Ройтерс агентлаг мэдээллээ.
Европын зөвлөлийн дарга Антониу Коштагийн мэдэгдсэнээр, ойрын өдрүүдэд Брюссель хотноо ЕХ-ны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит бус уулзалт болж, АНУ-ын сүрдүүлэгт хамтран хариу өгөх асуудлыг хэлэлцэх ажээ. Уг уулзалт 22-ны өдөр болно гэж Ройтерс мэдээллээ.
Ням гаргийн орой ЕХ-нд суугаа гишүүн орнуудын элчин сайд нар шуурхай зөвлөгөөн хийж, АНУ-ын талаар авах хариу арга хэмжээг хэлэлцсэн боловч тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, виски, нисэх онгоцны сэлбэг, шар буурцаг, шувууны мах зэрэг Америкаас нийлүүлдэг 93 тэрбум долларын бараанд хариу татвар ногдуулах бололтой.


Сэтгэгдэл байхгүй байна