
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2025.01.19/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулав.
Монгол Улс 2025 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 27.1 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 8.0 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 280 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн. Бараа эргэлтийг ангилбал экспорт 22.6 сая ам.доллар буюу 0.1 хувиар, импорт 302 сая ам.доллар буюу 2.6 хувиар тус тус буурсан байна.
2025 оны арванхоёрдугаар сарын экспортын хэмжээг арваннэгдүгээр сартай харьцуулахад 453.4 сая ам.доллароор, импорт 235 сая ам.доллароор өсчээ. БНХАУ-тай 2025 онд 18.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.2 хувийг бүрдүүлж байна.
Экспортын бараа, бүтээгдэхүүний 92.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 5.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлсэн.
Нүүрсний экспортын орлого 2.9 тэрбум ам.доллар буюу 33.7 хувиар буурсан хэдий ч биет хэмжээ 6.3 сая тонноор нэмэгдэж, 90 сая тоннд хүрсэн байна.
- Угаасан ноолуурын экспорт 256.7 сая ам.доллароор,
- Боловсруулаагүй газрын тос 70.3 сая ам.доллароор,
- Сүлжмэл гар урлал, хувцас 5.5 сая ам.доллароор буурсан нь экспортод гол нөлөөг үзүүлжээ.
- Импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд 2.6 хувиар буурсан байна. Үүнд:
- Машин, механикийн төхөөрөмж 21.8 хувь
- Эрдэс бүтээгдэхүүн 21.7 хувь
- Тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн сэлбэг хэрэгсэл 17.9 хувь
Төмөр, төмөрлөгийн бүтээгдэхүүн 9 хувиар тус тус буурчээ. Ачааны автомашин 217.1 сая ам.доллароор, бульдозер, экскаватор 68.0 сая ам.доллароор, нийтийн тээврийн хэрэгсэл 53.0 сая ам.доллароор, суудлын автомашин 43.0 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Импортын 2025 оны дүнгээр БНХАУ 40.9 хувь, ОХУ 24.5 хувь, Япон улс 9.6 хувь, БНСУ 4.1 хувь, АНУ 3.7 хувь, БНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.2 хувийг бүрдүүлжээ.
Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Үүнээс барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.5 хувиар өсчээ. Тухайлбал:
- Хүнсний бараа, ундаа, усны үнэ 11.3 хувь
- Согтууруулах бус ундааны үнэ 9.7 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын үнэ 6.9 хувь
- Гэр ахуйн тавилга болон ахуйн барааны үнэ 7 хувь
- Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.2 хувь
- Орон сууц, цахилгаан, ус, түлшний бүлгийн үнэ 4.6 хувиар тус тус өссөн байна.
Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ хамгийн бага буюу 1.5 хувиар өсчээ.
Mөнгөний нийлүүлэлт 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өсчээ. Төгрөгийн хадгаламж 4.0 их наяд төгрөгөөр өссөн нь өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Бага мөнгө 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Бага мөнгө 10.2 их наяд төгрөг буюу 91.1 хувь нь төгрөгийн харилцах, 998.6 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Урьдчилсан гүйцэтгэлээр бага мөнгө нь 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 их наяд төгрөгөөр өсчээ.


Сэтгэгдэл байхгүй байна