
УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч нартай өнөөдөр /2026.01.19/ уулзалт хийлээ.
УИХ-ын дарга Н.Учрал:
-УИХ хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын ажилд онцгой анхаарч ажиллаж байгаа. УИХ хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Төрийн Аудитын байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаанд зөвлөн туслах, хамтарч оролцох эрх зүйн чиг үүрэгтэй. Энэ долоо хоногт аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Инфляцыг хэрхэн бууруулах, мөн үнийн хөөргөдлийг хэрхэн барих вэ гэдэг талаар 16 багц арга хэмжээг авах ажлыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээр ахлуулсан ажлын хэсэг судлан УИХ-ын тогтоол болгож гаргасан.
Цаашид бид үүн дээр арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна. Энэ болгоныг хийхийн тулд Монголбанк голлох үүрэгтэй. Монголбанкны мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мөнгөний бодлого өөрөө " бодлогын мөнгө" болсон. Сүүлдээ "мөнгөгүй бодлого" болох хэв шинждээ орсон. Алдагдлыг тооцвол 10 их наяд орчим төгрөг байна.
Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо нэмэгдэж, чиг үүргийн давхардал нь ихэссэн. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алдсан. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна.
Хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс С.Наранцогт ерөнхийлөгчид нэг л чиглэл өгмөөр байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж шаардлагагүй орон тоонуудыг цомхотгож чиг үүргийн давхардлаа арилга. Монголбанк өөрөө санхүүгийн сахилга баттай баймаар байна. Мөн ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруул. Замбараагүй байдлаар мөнгө хэвлэсэн асуудал байгаа нь тогтоогдвол хуулийн байгууллагад асуудлыг нь шилжүүлэх хэрэгтэй гэв.
Монголбанкны ерөнхийлөйгч С.Наранцогт:
-Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооны сонсголын үеэр яригдсан асуудлуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Үүнийхээ дагуу ажлаа эхэлж байгаа. Миний бие Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Мөнгөний хатуу бодлого жил орчмын хугацаанд явуулсан ч гэсэн инфляцын түвшин өндөр хэвээрээ байгаа. Тиймээс үүний суурь шалтгаан дээр дүгнэлт, судалгаа хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил хуримтлагдсан асуудал дээр мөн дүн шинжилгээ хийж байгаа. Дунд хугацаанд буюу 4-5 жилийн хооронд ямар зарчмаар ажиллавал эдгээр асуудлуудыг шийдэж болох талаар мөн Төв банк өөрөө ямар байдлаар цомхон, ухаалаг ажиллах вэ гэдэг стратеги төлөвлөгөөн дээр ажиллаад үндсэндээ дуусч байгаа. Үүн дээр нарийвчилсан санал авсны үр дүнд эцэслэнэ гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна