• Эхлэл
  • Трамп Канад улсад 100 хувь тариф тогтооно гэж анхааруулав

Трамп Канад улсад 100 хувь тариф тогтооно гэж анхааруулав

2026/01/25

Канад улс Хятадтай худалдааны гэрээ байгуулахтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  "Хэрэв Канад улс Хятадтай хэлэлцээ хийвэл Канадын бүх импортын бараанд 100 хувийн тариф тогтоох болно" гэж мэдэгдсэн байна.  

Өнгөрсөн долоо хоногт Канадын Ерөнхий сайд Карни Хятадтай "стратегийн түншлэл"-ээ зарлаж, тарифыг бууруулахаар тохиролцсон. Тухайн үед Трамп энэ алхмыг "сайн зүйл" гэж нэрлэж байсан. Гэвч Карни Давост үг хэлэхдээ, АНУ-ын тэргүүлсэн дэлхийн дэг журам эвдэрсэн гэх утгатай зүйлс хэлсний дараа АНУ болон Канадын хоорондын хурцадмал байдал сүүлийн өдрүүдэд улам бүр нэмэгдээд байна

Карни эдийн засгийн шахалт үзүүлж буй “их гүрнүүд”-ийн эсрэг дунд зэргийн нөлөөтэй улсууд нэгдэхийг уриалсан ч Трампын нэрийг шууд дурдаагүй. Харин Трамп үүний хариуд “Канад АНУ-ын ачаар оршин тогтнож байна” хэмээн мэдэгдсэн. Мөн Канад улсыг өөрийн байгуулсан шинэ Энх тайвны зөвлөлд урьсан урилгаа буцаажээ.

Трамп өчигдөр (2026.01.24) олон нийтийн сүлжээндээ"Хэрэв Карни Канад улсыг Хятадын бараа бүтээгдэхүүнийг АНУ руу дамжуулан “буулгах боомт” болгоно гэж бодож байгаа бол тэр үнэхээр эндүүрч байна" хэмээн бичжээ.

Улмаар барууны хэвлэлүүд Цагаан ордон болон Карнигийн албатай холбогдоход Канадын АНУ-тай хийдэг Худалдааны сайд Доминик Лебланк “Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах зорилго байхгүй” гэж онцолсон байна. Тэрбээр мөн “Зөвхөн зарим чухал тарифын асуудлыг шийдвэрлэсэн” хэмээн тайлбарлажээ.

Лебланк Канадын Засгийн газар эдийн засгаа илүү хүчирхэг болгох, мөн дэлхий даяарх худалдааны түншлэлүүдээ бэхжүүлэхэд анхаарч байна гэсэн байна

Трампын тарифын бодлого тогтворгүй, байнга өөрчлөгдөж байснаас үүдэн Канад улс хамгийн том худалдааны түнш болох АНУ-аас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж иржээ. Өнгөрсөн долоо хоногт Карни, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хооронд байгуулсан тохиролцооны дагуу Хятад улс Канадын рапсын тосонд ногдуулах татварыг гуравдугаар сар гэхэд 85 хувиас 15 хувь болгон бууруулна. Харин Канад улс Хятадын цахилгаан автомашинд ногдуулах татварыг хамгийн тааламжтай нөхцөлийн түвшин болох 6.1 хувь болгож, өмнөх 100 хувиас бууруулах юм.

Олон жилийн турш хурцадмал байсан харилцаа, харилцан тариф тогтоож ирсний дараа уг хэлэлцээг чухал ахиц гэж үзэж байгаа бөгөөд Канад руу чиглэх Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Карниг Хятадтай хийсэн энэхүү ахиц дэвшил нь “шинэ дэлхийн дэг журам”-д Канад улсын байр суурийг сайжруулж байна гэж тодорхойлсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна