• Эхлэл
  • Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авахаас сэргийлнэ үү!

Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авахаас сэргийлнэ үү!

2026/01/28

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хэрэгцээ шаардлагыг ашиглан гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй архи, согтууруулах ундааг хямд үнээр санал болгож, цахим орчинд зар мэдээлэл байршуулан гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байгаа ажээ.


Тодруулбал, өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх 666 зөрчлийг илрүүлсэн байна. Улмаар 663 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцож, хуурамч архи согтууруулах ундааг хураан авч, устгажээ. Энэ төрлийн зөрчилд торгох шийтгэл ногдуулахаас гадна хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах хуулийн зохицуулалттай байдаг. Иймд иргэд цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Хуурамч архийг хэрхэн таних вэ?

  • Тухайн бараа, бүтээгдэхүүний хайрцаг, саван дээрх нэр, шошго илт буруу, үндэслэлгүй, тодорхойгүй
  • Битүүмжлэл буюу лац, ломбыг гар аргаар хийсэн нь нүдээр харахад мэдэгдэхүйц
  • Орц, найрлага нь тодорхойгүй байдаг.

Иймээс согтууруулах төрлийн бүтээгдэхүүн авахдаа сав баглааны гоё чамин байдал, хямд үнээс гадна хаяг, шошго үйлдвэрлэгдсэн газар, он, сар, өдөр, лац зэргийг сайтар шалгах хэрэгтэйг анхааруулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна