
Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа АНУ-ын чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын нэгэн компанид 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэхүү санхүүжилт нь Хятадын ховор элементүүдээс хараат байдлыг бууруулах засгийн газрын бодлогын нэг хэсэг юм. Улмаар Оклахома мужид төвтэй "USA Rare Earth" компанид хөрөнгө оруулах болсон байна.
Тус компанийн мэдээлснээр, хөрөнгө оруулалт нь Худалдааны яамнаас олгож буй санхүүжилт бөгөөд үүнд зээл багтаж байгаа аж. Мөн Засгийн газар компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшинэ. Ингэснээр "USA Rare Earth" компани 2030 он гэхэд АНУ-д ховор элементүүд болон бусад чухал ашигт малтмалын хамгийн том үйлдвэрлэлийн баазуудын нэгийг байгуулах зорилт тавьжээ.
Худалдааны сайд Ховард Лутник "USA Rare Earth"-ийн төсөл нь “АНУ-ын ашигт малтмалын бие даасан байдлыг сэргээхэд зайлшгүй шаардлагатай” гэж онцолсон байна. Хятад улс чухал ашигт малтмалын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг давамгайлан эзэлдэг аж. Трампын захиргаа өнгөрсөн жил мөн ховор элементүүдийн томоохон үйлдвэрлэгч "MP Materials" компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн хэлцэлд Засгийн газар 10 жилийн хугацаанд үнийн доод түвшнийг баталгаажуулсан нь ер бусын алхам байсан юм.


Сэтгэгдэл байхгүй байна