
“Оюутолгой” ХХК 2025 оны IV улирлын тайлангаа танилцуулжээ. Тус компани өнгөрсөн улирлын турш зэсийн үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байсныг онцолсон байна. Гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, арванхоёрдугаар сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тонн болж өссөн. Улиралд 97.8 мянга тонн зэс авах төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, нийт 103.9 мянган тонн зэс олборложээ.
Мөн улиралд 158.7 мянган унц алт үйлдвэрлэсэн нь төсөөллөөс давсан үр дүн. Төлөвлөгөөгөөр 143.8 мянган унц алт авах тооцоолж байжээ. Үүний зэрэгцээ 668.2 мянган унц мөнгө авсан талаар “Оюутолгой” ХХК-ийн тайлангаас харж болохоор байна. Ялангуяа арванхоёрдугаар сард алт болон зэсийн метал авалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Үүнд, ил уурхайн тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, баяжмал үйлдвэрлэл, тээвэр, ложистикийн гүйцэтгэл өндөр байсан нь нөлөөлсөн байна.
Ерөнхийдөө 2025 оны зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61, алтны үйлдвэрлэл 121 хувиар тус тус өссөн. Эдгээр үзүүлэлт нь ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэн, цаашлаад томоохон дэд бүтцүүд болох гүний уурхайн хоёрдугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн тавдугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэргийн бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулсантай холбоотой.
Улмаар 2025 онд олон улсын зах зээл дэх зэс, алт, мөнгөний үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин давсан гүйцэтгэлтэй гараад байгаа аж. “Оюутолгой” компани өнгөрсөн оны IV улиралд 776 тэрбум, 2025 онд нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн.
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 14.4 их наяд төгрөг төлснөө тайландаа тодотгосон байна. Энэ дүнд олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй 1.3 их наяд төгрөгийн татварын маргааны төлбөр багтсан болохыг тус компаниас тайлбарласан байна.
“Оюутолгой” компани энэ удаагийн тайландаа “Онтрэ”-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар онцолсон. Тухайлбал, “Онтрэ”-гийн лицензийг шилжүүлэх хугацаанаас хамааран “Панель-1” рүү хүн хүч, техникээ хуваарилж, бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх, эсвэл “Панель-2”-ын өмнөд хэсгийн олборлолтыг эхлүүлэх хоёр хувилбараар уулын ажлын төлөвлөгөөгөө гарган, үйл ажиллагаагаа явуулж буйгаа мэдээлэв.
“Ою толгой” олборлолт, үйлдвэрлэлийн тайлан:



Сэтгэгдэл байхгүй байна