
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдын алба хашиж байгаа Б.Солонгоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа Английн нэр бүхий иргэнтэй 468 мянган фунт стерлингийн Нууц эвлэрлийн гэрээ байгуулсан талаар
"Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга, агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулж, цаашлаад талуудын гэрээгээр тохирсон, хоорондын яриа хэлэлцээ, олж авсан бүхий л мэдээллийг нууцлахаар тохирч, Монголын талаас 468,008.22 фунт стерлингийг гадаад улсын иргэдэд төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан талаар нийгмийн сүлжээгээр мэдээлэгдсэн.
Уг гэрээнд заасан төлбөр нь өнөөгийн ханшаар бол 2.3 тэрбум төгрөг бөгөөд Монголын зарим албан тушаалтны сөрөг мэдээллийг устгахад дээрх хэмжээний төлбөр зарцуулсан гэсэн үг юм байна.
Дээрх гэрээг дэд сайд Б.Солонго 2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Нууц эвлэрлийн гэрээ" нэртэйгээр байгуулсан юм байна. Өмнөх Засгийн газрын тэргүүнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын дарга Н.Учрал нар ажиллаж байв.


Сэтгэгдэл байхгүй байна