Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч манлайлагчдын нэг нь залуу жанжин Д.Сүхбаатар байв. Жанжин Д.Сүхбаатар бол шинэ маягийн цэрэг, Ардын журамт цэргийг үүсгэн байгуулж, түүнийг тухайн цагийн европын ёсны жишгээр бүтэц, зохион байгуулалтыг нь боловсронгуй болгон шинэчилж, өнөөгийн Зэвсэгт хүчний байгуулалтын зарчмуудыг шинэ нөхцөлд бүтээлчээр баяжуулан, практикт хэрэгжүүлсэн, цэргийн нэрт зүтгэлтэн, жанжин төдийгүй цэргийн онолч, стратегич хүн байсан гэдэг.
Жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Амгаланбаатар хотод ядуу ард Дамдины гэр бүлд төржээ. Багаасаа хүнд бэрх амьдралыг туулж, 15 настайдаа бичиг үсэг сурч эхэлсэн бөгөөд 1911 онд цэргийн албанд орж, Пулемёт сумангийн даргаар ажиллаж, эх орноо гаднын түрэмгийллээс чөлөөлөх дайнд оролцож, Баатар цолоор шагнуулсан байна. Сүхбаатар 1921 онд Ардын хувьсгалыг удирдан, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж, Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин болсон. Тэрбээр Зөвлөлтийн удирдагч В.И.Ленинтэй уулзаж, хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулсан түүхтэй нэгэн. 1913 онд Н.Янжмаатай гэр бүл болон өрх тусгаарлан Хужирбуланд суусан бөгөөд улмаар 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгссөн юм. Түүний нас барсан шалтгаан нь тодорхойгүй бөгөөд зарим эх сурвалжид хорлогдсон гэж үздэг байна.
Дамдины Сүхбаатар нь Монголын ард түмний дунд өндөр нэр хүндтэй, ардын хувьсгалын анхны удирдагчдын нэг бөгөөд түүний гавьяаг үнэлж, 1922 онд ЗСБНХОУ-ын Улаан тугийн одонгоор, Монгол Улсын Зоригт баатар бэйс цолоор шагнасан. Түүний нэрээр олон байгууллага, гудамж, талбайг нэрлэж, түүний дурсгалыг мөнхжүүлжээ.
Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монгол ардын хувьсгалын баатар Дамдины Сүхбаатарт зориулж, түүний морьт хөшөөг 1946 онд онд босгосон бөгөөд үүнийг нэрт барималч С.Чоймбол бүтээсэн юм. Энэ нь монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлогтой. Уг хөшөөг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, хүрэлдсэн. Д.Сүхбаатар жанжин морь унаж, баруун гараа дээш өргөж, цэргүүддээ үг хэлж байгаа байдалтай дүрсэлжээ.



Сэтгэгдэл байхгүй байна