• Эхлэл
  • Монголын тамирчдын олимпын нээлтийн хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

Монголын тамирчдын олимпын нээлтийн хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

2026/02/05

Италийн Милан-Кортина хотод болох өвлийн XXV олимпын наадмын нээлтэд өмсөх Монголын тамирчдын гоёл дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

“Гоёл Кашмер”-ын хувцсыг олон улсад анх танилцуулсан цагаас л загварын мэргэжилтнүүд төдийгүй олимпод оролцох бусад орныхны харааг булаасан. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлынхоо салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг зорьжээ.

Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе XIII-XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой. Нүүдэлчин ард түмэн бидний хатуу өвлийг даван туулахад түшиг болж ирсэн монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг урласан байна.

 

Монголын тамирчид ийнхүү үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаа дэлхийн хамгийн том спортын тайзнаа алхах болно.

 

Хувцасны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн, өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог. Хар хөх өнгө нь нүүдэлчдийн бөө мөргөлийн итгэл үнэмшил дэх мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн утгатай гэж тайлбарлаж байна. Үүнээс гадна Монголын багийн чөлөөт хувцаснуудыг зэрэг танилцуулсан бөгөөд уулын спортод тохирсон ноосон цамцууд нь нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн дугуй хэлбэр, эсгий хийцийг санагдуулна. 

 

“Парис 2024” зуны олимпын наадмын нээлтийн ёслолын хувцсаараа олон улсын загварын хүрээнд өндөр үнэлгээ авсан Монголын баг энэ удаа ч “Милан-Кортина 2026”-д загварлаг төрхөөрөө дахин тодорч байна. 

 

Монголчууд 2006 оны Турины өвлийн олимпын нээлтэд үндэсний загвартай үнэгэний арьсан лоовууз малгайгаар гангарч байв. Тэгвэл 2014 оны Сочигийн олимпод “Гоёо” брэндийн загвараар бүтсэн малгай, ороолтоор жигдэрч, “Мизүно”-гийн хослол өмссөн юм. 2018 оны Пёнчаны олимпод оролцсон баг тамирчдын хувцасны загварыг “Төмөр трейд” компани гаргасан. Харин дөрвөн жилийн өмнөх буюу “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг, тамирчдын хувцсыг “Мишээл энд Амазонка” компани урласан юм.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна