
Өнөөдөр тохиож байгаа буй Дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаална” уриан дор тэмдэглэж байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр дэлхий даяар цаг уурын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь Дэлхийн цаг уурын байгууллага үүсгэн байгуулагдсан түүхэн өдөр буюу 1950 оны гуравдугаар сарын 23-ныг дурсах зорилготой юм. Энэхүү өдөр нь цаг уур, ус зүй, уур амьсгалын шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулах, улс орнуудын цаг уурын байгууллагуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг онцлон харуулахад чиглэдэг.
Ус, цаг уур, орчны шинжилгээ бол дэлхийн агаар мандал, усан мандал, газрын хөрсийг бүхэлд нь хиймэл оюун ухааны технологи, хиймэл дагуул, автомат төхөөрөмж, хүний нүдээр хийх ажиглалт, судалгаа, шинжилгээг зэрэг ашиглаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих өндөр ач тустай цогц үйл ажиллагаа юм. Анхан шатны мэдээлэл нь урьдчилсан мэдээний үндэс болж цасан болон шороон шуурга, үер, ган гачиг, зуд, зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжүүлж, гамшиг тохиолдохоос өмнө арга хэмжээ авах, нийгэм-эдийн засаг, ард иргэдэд учрах хохиролыг бууруулах боломжийг олгодог аж.
Анхны багажийн шинжилгээний ажиглалтыг 1869-1909 онд Өргөөд 2-3 жилийн завсарлагаатай, 1879-1880 онд Улиастайд, 1895-1897 онд Ховдод түр станц байгуулан ажиллаж байсан гэх түүхэн баримт бий. Тэгвэл 1924 оны гуравдугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Соронзон орон, цаг уур судлалын салаа байгуулснаар Монголд Ус, цаг уурын алба үүссэн түүхтэй. 2025 онд ус цаг уурын салбар ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд онцгой анхаарч, радарын тоог нэмэх санхүүжилтыг шийдэж, агаарын бохирдлын автомат багажийг аймгийн төвүүдэд суурилуулсан байна. Үүний зэрэгцээ шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино, дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон ба цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн прогнозын шинэ технологийг хөгжүүлжээ.
Үндэсний ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээний үр дүн, технологиор дамжуулан нийгмийн сайн сайхан аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нь чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна