• Эхлэл
  • Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-д хандлаа

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-д хандлаа

2026/03/23

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр (2026.03.23) хүсэлт гаргаснаа мэдээллээ. Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 11-нд NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Б.Энхбаяр нь Бодь групптэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийлээгүй нь сонсголын өмнө болон дараа тус компаниас 500 мянган ам.долларын хандив авсантай холбоотой байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм. Мөн уг асуудлыг Авлигатай тэмцэх газраар шалгуулах хүсэлт гаргана гэдгээ тухайн үед илэрхийлж байсан бөгөөд ийнхүү албан ёсоор хүсэлтээ хүргүүлээд байна.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Бодь группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр өнөөдөр АТГ-т хүрэлцэн ирлээ.

Энд ирсэн миний гол зорилго нэг. Тэр хүрээндээ асуудлыг хөндөж ярихыг хүсэж байна. Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.

Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, Бодь групптэй холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.

Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдоод удаагүй байсан юм.

Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн. Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-оос ачигдаж буй нүүрсний дийлэнх нь Бодь групптэй холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн.

Үүний дараа сайд Ч.Хүрэлбаатар намын бүлгүүдэд мэдээлэл өгч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц байдал тогтоосон. Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн хэрэгжүүлж буй төмөр замын төслийн өртөг анх 600 сая ам.доллароос эхэлж, үе шаттайгаар өссөөр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар дурдсан байдаг. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууц гэрээ байгуулж, тендергүйгээр хэрэгжүүлсэн гэх асуудал ч яригдсан.

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн оффтейк гэрээ болон нүүрсний асуудлыг шалгах зорилгоор УИХ-аас түр хороо байгуулж, уг хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Гэвч цаашид үйл ажиллагаа нь доголдож, анхаарал сарних нөхцөл үүссэн гэж тухайн үед үзсэн.

Иймд уг түр хороог шинэчилж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ахлуулах нь зүйтэй гэж үзсэн.  Миний бие түүнийг дэмжихдээ Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан туршлага болон шударга ёсны байр суурийг нь харгалзан үзсэн. Үүний дагуу УИХ-ын 63 дугаар тогтоол батлагдаж, нүүрсний сонсгол 9 хоногийн турш зохион байгуулагдсан. Гэвч энэ хугацаанд оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хангалттай хөндөөгүй, мөн валютын нөөцтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг дурдаагүй.

Ингээд Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн. Энэ нь улс төрийн шахалт байв уу, хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би Б.Энхбаяраас өөрөөс нь тодруулж байсан. Тэгэхэд Б.Энхбаяр "надад улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайдаа, уучлаарай" гэж хэлээд гарсан.

Тэр цагаас хойш Б.Энхбаяр бид хоёрын дунд үл ойлголцлууд үүссэн. Мань хүн сайд байхаараа дугардаггүй, сайд биш болохоороо дугардаг хүмүүсийн нэг байгаа юм. Ингээд өнөөдөр улс төрийн үйл явц, томилгоогоор учир тайлагдаж байна.

Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна" хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотойгоор "Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ–ын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс хойш би ажиглаж эхэлсэн. Түүний хувьд Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Л.Отгонбаяртай хамтарч  "Солонго Мөнх партнерс" ХК болон "Легал Линк Си Би Эй" ХК–аар дамжуулан Тавантолгой Төмөр зам ХК-аас зөвлөх үйлчилгээний нэрээр нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй талаар дурдагдаж байна.

Түүнчлэн Д.Мөнхэрдэнэ нь Б.Энхбаяртай ойрын харилцаатай бөгөөд томилгооны хүрээнд энэ холбоо нь батлагдаж байна гэж үзэж байна. Улмаар хууль зүйн холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна.

Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт олон жил ажилласан туршлагынхаа хүрээнд тодорхой мэдээллүүд авч байсан. Үүний дагуу Д.Мөнхэрдэнэ нь албан тушаалд очсоноосоо хойш "Бодь Интернэшнл" ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой гэрээ, цахим мэдээлэлд өөрчлөлт оруулах, зарим баримтыг устгах оролдлого хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Мөн өөрийн өмнө нь холбогдож байсан компанийн хувьцаа эзэмшлээс татгалзах, намтар дахь холбогдох мэдээллүүдийг өөрчлөх зэрэг үйлдлүүд хийсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн 2019–2021 оны хоорондын замын хяналтын камерын мэдээллийг устгах оролдлого хийж байж болзошгүй тухай ч дурдагдаж байна. Иймд уг асуудлыг нэн яаралтай шалгах, шаардлагатай тохиолдолд Д.Мөнхэрдэнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн мөрдөн шалгахгүй бол нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэж байна.

Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн оффтейк гэрээ анх 600 сая ам.долларын төсөвтэй эхэлсэн ч 1.3 тэрбум ам.долларт хүрч өссөн асуудал нь дээрх бүх нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна