• Эхлэл
  • Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулгайн их хэрүүл

Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулгайн их хэрүүл

2026/03/27

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төрийн эрхийг барьсан МАН өнгөрсөн жил гаруйн хугацаанд дотроо хэрүүл, тэмцэлтэй байгаа. Зарим тохиолдолд намынхаа хэрүүлийг Төрийн ордонд оруулж ирэн, УИХ-ын гишүүдээр ч асуудлыг шийдүүлэхийг оролдож байлаа. Харин ноднин жилийн намар намынхаа даргыг шинээр сонгосноор асуудлаа бүрэн шийдсэн гэж байсан боловч хэрүүл зарга нь өнөөдрийг хүртэл үргэлжилж, өндрөө нэгэнт аваад байгаа юм. Тийм учраас МАН-ын 31 дэх Их хурлаас хойших үйл явдал, зарим хүмүүсийн мэдэгдлийн товчийг он дарааллын дагуу хүргэж байна.

Н.УЧРАЛЫГ НАМЫН ДАРГААРАА СОНГОСОН ИХ ХУРАЛ

МАН-ын 31 дүгээр Их хурал ноднин жилийн арваннэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд болж, нийт 2255 төлөөлөгч оролцсон. Уг хурлаар тухайн үед Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын дарга Н.Учралыг 94.95 хувийн саналаар сонгов. Түүнтэй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав намынхаа даргад өрсөлдсөн юм. Улмаар намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, Бага хурлынхаа 597 гишүүнийг сонгосон. Тус Их хуралд Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн уриатай оролцсон. Харин хурлыг хааж хэлсэн үгэндээ “Анхан шатныхаа намын байгууллагыг дэмждэг, гишүүдээ сонсдог, ил тод, хариуцлагатай, шинэ үе, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн намын ололт амжилтаа бататган бэхжүүлэхэд хамтдаа хичээж ажиллацгаая” гэж байв.

ЗАРИМ ГИШҮҮДЭЭ ХӨӨЖ, ЭВ ЗҮЙГЭЭ ОЛОХООР ТООЦСОН Ч ГАЛЫГ УЛАМ ӨРДӨВ

Гурван өдөр үргэлжилсэн Их хурлыг залгуулаад МАН Бага хурлаа хийв. Уг хуралдаанд шинээр сонгогдсон намын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл танилцуулсан байдаг. Мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”, намын даргынхаа танилцуулсан гишүүдийнхээ идэвх оролцоог дүгнэх, оноожуулах журмыг хэлэлцэн батласан. Тус хуралдааны үеэр МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, “Үнэн” сонины эрхлэгч асан А.Амундра нарын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх бичгийг Хяналтын хороонд хүргүүлсэн нь олны анхаарлыг татсан.

Ингэхдээ Д.Амарбаясгалан, Н.Тавинбэх нарыг “Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан”, Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон”, А.Амундраг “Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн” хэмээн буруутгасан билээ. Ингээд эв зүйгээ бүрэн олчихно гэж тооцсон ч өнөөдөр ид үргэлжилж байгаа их хэрүүл тэмцэл, дуусашгүй мэт авлигын асуудлын эхлэлийг тавьсан юм.

ГАЛ ДЭЭР ТОС НЭМСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ

Өнгөрсөн намрын чуулган завсарласнаас хойш МАН-ын хэрүүл хэсэгтээ нам жим байсан гэхэд болно. Дээрээс нь шинэ жил, Цагаан сар зэрэг олон томоохон баяр болсон нь ч эв зүйгээ олсон мэт харагдахад хүргэсэн байх талтай. Мэдээж хөшигний цаана тэмцэл өрнөдгөөрөө өрнөж, ил, далд уулзалтууд олон болсон тухай яриа байдаг. Гэвч хаврын чуулган нээлтээ хийхээс хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барьсан нь олон хүнийг ил гаргалаа. Уг хуулийн төсөлд Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан байгаа. Энэ хуулийг тойрсон маргаан одоо ч ид үргэлжилж байна.

ОРООЦОЛДСОН ЭЭДРЭЭГ ТАЙЛЖ МЭДЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА

Ерөнхийлөгч гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барьсны дараахан буюу ердөө хоёр хоногийн дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огцорсноосоо хойш бараг 300 орчим хоногийн дараа телевизийн эфирээр шууд ярилцлагад энэ сарын 11-ний орой оров. Түүнийг ийнхүү ил гарч, хамаг зүйлээ ярихад нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль нөлөөлсөн гэж улс төрийн хүрээнийхэн хэлэлцэж байгаа. Нэг ёсондоо өөрийнх нь бүрэн эрхийн асуудал хөндөгдөж мэдэх учраас сандарч, ийнхүү олны өмнө гарсан гээд байгаа. Нийт зургаан цаг гаруй үргэлжилсэн эл ярилцлагын дэлгэрэнгүйг манай сонин энэ сарын 23-ны даваа гарагийнхаа дугаарт бүрэн эхээр нь нийтэлснийг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Энэ ярилцлага олон зүйлийн учир зангилааг тайлахад ч хэрэг болж мэднэ. Сайн анзаарч уншвал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тус ярианд олон чухал асуудлууд хөндөгдсөний нэг нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Б.Энхбаяртай холбогдох авлигын хэргийн асуудал байсан юм. Б.Энхбаяр бол Л.Оюун-Эрдэнийн удирдаж байсан танхимд хуулийн сайдаар нь ажиллаж байсан нэгэн билээ.

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮНИЙ ЯРИА

Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нэг хэсэг “Усанд хаясан чулуу” болсон. Ер нь улстөрчид томоохон асуудалд нэр холбогдохоороо ингэх нь бий. Гэвч өөрөө ярих цаг нь болсон гэж үзсэн үү, бусад нь хатгасан уу ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын дараахан тэрбээр www.tovch.mn сайтад ярилцлага өгсөн.

Энэ үеэрээ намаасаа хөөгдсөн талаараа “Мэдээж сайхан биш шүү дээ. Би МАН ялагдсан үед гурван жил намын нарийн бичгийн дарга хийж байлаа. Удирдах зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Баярын хурал дээр хэн нэгнийг хөөж байна гэж зарлаж байгааг анх удаа л харж байна” хэмээн гоморхоод авсан. Мөн өөрт нь үүсгэсэн хэргийн талаар Би хуульч биш байж болно. Гэхдээ энэ хугацаанд маш их уншиж судаллаа. Хуулийн байгууллагуудыг хууль биш улс төр чиглүүлээд байна. Хамгийн том айдас нь энэ. ҮХЦ Үндсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээ төрүүллээ. Энэ бүгдээс харахад, манай улс төр арай л дэндэж байна. Хэмжээ хязгаараа давж байна гэсэн юм.

Б.ЭНХБАЯР САЙДТАЙ ХОЛБООТОЙ 894 ХУУДАС МАТЕРИАЛ БА АТГ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас материалыг энэ сарын 23-нд АТГ-т хүлээлгэн өгсөн. Ингэхдээ гаргасан хүсэлтдээ “Саяхан миний бие УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллараар нэг удаа, 800 мянган ам.доллараар дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй ноцтой асуудлыг олж мэдсэн. Иймд танай байгууллагад УИХ-ын гишүүн Б.Энхбаярт холбогдох дээрх асуудлыг гэрчлэх хоёр хүний хувийн мэдээлэл болон дүрс бичлэг зэрэг шаардлагатай нотлох баримтуудын хамт шалгуулахаар хүргүүлж байна.

Гэрчүүдийн хувьд амь нас, аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовж байгаа бөгөөд танай байгууллагатай эрх зүйн хувьд гэрчийг хамгаалах буюу “шүгэл үлээгч”-ийн статустай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан болно. Миний бие энэхүү гаргаж буй гомдлын хүрээнд гэрчийн мэдээлэлд үндэслэн хуулийн дагуу мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь энэхүү авлига, хуйвалдааныг өөрийн хамтран зүтгэгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна” гэсэн байдаг.

Мөн ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнийн талаар “Д.Мөнх-Эрдэнэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоод “Бодь”-той холбоотой гэрээ, мэдээлэл, зарим төрийн өмчит компанийн шилэн дансанд байршсан мэдээлэл, цахим мэдээлэл, зарим камерын бичлэгийн мэдээллийг устгуулахыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд одоо ч өөрт нь болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой нотлох баримтуудыг устгаж болзошгүйг анхааралдаа авахыг хүсье” гэсэн байв.

АЛСЫН ГАЗРААС “АМЬ ОРСОН” А.АМУНДРА

А.Амундра бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан. Гэхдээ түүнийг одоогийн Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу өөрийнхөө зөвлөхөөр авсан хэмээн ярилцлагадаа маш тодорхой хэлсэн юм. Харин А.Амундраг намаасаа хөөхдөө “Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн” хэмээн буруутгасан юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд чимээ аниргүй байсан тэрбээр саяхнаас “Амь орж” эхэлсэн. Цахим орчинд өөрийгөө гадаадад байгаа тухайгаа ч бичсэн байна лээ.

Мөн саяхны өдрүүдэд “Б.Энхбаяр аа, чи үнэхээр ичихгүй худалч хүн байна. 2020 оны хавар Голомтын дөрвөн давхарт Д.Сумъяабазар ах чинь чамайг авч ирээд уулзуулсан. Өндөр хүн тонголзоод байхаар эвгүй юм даа гэж тухайн үедээ бодож байлаа” хэмээн цахим хаягтаа бичсэн бол “Голомт”-ын Д.Баясгалангийн оролцсон ярилцлагын нэвтрүүлгийн араас “Манай босс бүхэлдээ худлаа ярьжээ, 100 сая ам.доллар Санзайд гэртээ шатаасан гээд хэлчихнэ, яах юм чи гээд уурлаж байсан хүн дээ. Энэ хүмүүсийг цээжээрээ хамгаалаад дуусах гэж байгаа хүн юм байна” гэх зэргээр бичих болсон билээ.

“ХЭНИЙГ Ч ТАНЬДАГГҮЙ” Б.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой авлигын хэргийн талаарх нотлох баримтыг АТГ-т хүргүүлсэн тухай дээр бичсэн. Харин энэ бүхний араас ХЗДХ-ийн сайд маань цаг, минут алдалгүй хариу болгож цахим хаягтаа бичиж байгаа. Ингэхдээ ихэвчлэн гүтгэлэг, нүүрсний хулгайчидтай улам хүчтэй тэмцэнэ гэх зэрэг тодотголыг хийхээ мартахгүй байгаа. Мөн “Д.Баясгалан, А.Амундра нартай уулзаж, гар барьж ч үзээгүй. Голомт банкинд орж үзэж байгаагүй. Зүгээр л цайрчихсан гүтгэгчид, хулгайчид” хэмээн пост оруулсан. Нэг ёсондоо бусад нь таньдаг, уулзсан гээд байхад л Б.Энхбаяр сайд “Хэнийг ч танихгүй” л гээд байгаа юм.

АВЛИГЫГ ЗУУЧИЛСАН БАЙЖ МЭДЭХ Д.СУМЪЯАБАЗАР АВАРГА ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГНӨ

Нийслэлээс хүчээр шахуу явсныхаа дараа намынхаа Нарийн бичгийн дарга гэсэн сэтэртэй чимээгүйхэн явж байсан аварга Д.Сумъяабазарын нэр энэ их хэрүүл дундуур гэнэтхэн гараад ирэв. Учир нь түүнийг Бодь группийн босс Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн гэсэн утга бүхий зүйл яригдсан. Харин тэрбээр үүн дээр тийм зүйл огт байхгүй гэсэн товчхон хариултыг өөрийн цахим хуудастаа хэд хоногийн өмнө оруулсан байсан.

Мөн уржигдар “2019 онд Тавантолгойн бүлэг ордын зүүн Цанхи дээр "Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК байгуулагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр энэ компанийн 30 хүртэл хувийг, Монгол Улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч гурван сая гаруй иргэндээ 1072 ширхэг хувьцааг гаргах ажил хийгдэж байсан. Тавантолгойн борлуулалтын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх стратегийн чухал ажлын нэг болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Бодь групп" гүйцэтгэж байсан. Уг төмөр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, товлосон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлын хүрээнд уулзалтуудыг хийсээр ирсэн байдаг.

Энэ ажлын хүрээнд 2020 оны гурав, дөрвөн сарын орчимд "Бодь групп"-ийн Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү. Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна” хэмээн мэдэгдэв.

“ЗАСГИЙН ЦАГ”-ИЙГ ӨӨРИЙНХӨӨ МЭДЛИЙНХ ГЭЖ АНДУУРСАН ДЭД САЙД

Авлига, хулгай, нүүрсний хэргийн энэ их хэрүүл дундуур орж ирсэн нэг “жараахай” бол одоо Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнэ юм. Түүнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсоныхоо дараагаас Бодь групптэй холбоотой нотлох баримтуудыг устгасан, устгахыг завдсан хэмээн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Улмаар мөн авлигын хэргийг хамтран зохион байгуулсан байж магадгүй гэж үзэн АТГ-т өгч байгаагаа мэдэгдэлдээ дурсаж байсан. Олны адил дэд сайд ч өөрийгөө буруугүй, тэр бүү хэл Голомт гэдэг газар зөвлөхөөр ажиллаж байгаагүй, оргүй гүтгэлэг, Л.Оюун-Эрдэнэтэй “үзэлцэнэ” гээд байгаа. Харин энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулна гэж сэтгүүлчдийг цуглуулчихаад өөрийн бэлдсэн материалуудаа дэлгэцэнд харуулж, “Би буруугүй” гэж маш чангаар хашхирав. Үүнд нь олон сэтгүүлч бухимдаж “Засгийн газрын мэдээллийн цагийг яагаад өөрийнх юм шиг аашлав” хэмээн загнаад амжсан билээ.

Т.Дарханхөвсгөл /Өдрийн сонин/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна