Ираны эсрэг сар гаруйн өмнө эхлүүлсэн цэргийн ажиллагааны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэддээ хандаж үг хэлэхдээ дайныг дуусгах тодорхой төлөвлөгөө танилцуулсангүй. Өнгөрсөн долоо хоногт мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ойрх Дорнодын орнуудад, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Зүүн Азийн хоёр улсад айлчиллаа. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Олон улсын тээвэр, ложистикийн анхдугаар чуулга уулзалт боллоо
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын тээвэр, ложистикийн анхдугаар чуулга уулзалт боллоо.
Тус чуулга уулзалтад 80 орны төлөөлөгчид, тэдний дотор манай улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн дэд сайд тэргүүтэй салбарын төлөөлөгчид оролцлоо.
ОХУ-ын Засгийн газар, Тээврийн яамнаас санаачлан зохион байгуулсан уг чуулга уулзалтад оролцогчид олон улсын тээвэр, ложистикийн коридоруудыг хөгжүүлэх, олон улсын нэгдлүүдийн хүрээнд интеграцын хэлхээ холбоог бэхжүүлэх, салбарыг цахимжуулах, жолоочгүй технологийг нэвтрүүлэх, тээврийн салбарын боловсролыг шинэ цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн дэлхийн тээврийн тогтолцоог хурдтай, ил тод ажиллуулахын тулд нэгдмэл эрх зүйн орчныг бий болгох асуудлыг хэлэлцсэн байна.
Д.Трамп Иранд явуулж буй ажиллагааны талаар ард иргэддээ хандан үг хэлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп америкчуудад хандаж телевизээр үг хэлэхдээ, зэвсэгт хүчин Иранд тавьсан зорилгодоо бараг хүрсэн гэж мэдэгдсэн боловч сар гаруйн турш үргэлжилж буй дайныг хэзээ дуусгахыг хэлсэнгүй. Тэрбээр байлдааны ажиллагаа дуусах шатандаа ойртож байгаа гэх мэдэгдлээ давтаж, "маш хүчтэй цохилт" өгнө гэж Ираныг дахин сүрдүүллээ.
Трамп Ираны тэнгисийн цэргийн флот, агаарын цэргийн хүчнийг устгасан, түүнчлэн баллистик пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг нь хэрэгжих боломжгүй болгосон гэж дахин мэдэгдэв. Дайны зорилгоо илүү тодорхой, нэг мөр тайлбарлахыг шаардаж буй зарим холбоотнуудын шахалттай тулгараад байгаа хэдий ч тэрбээр тав дахь долоо хоногтоо үргэлжилж буй дайныг дуусгах тодорхой төлөвлөгөө танилцуулсангүй, АНУ үүнийг "маш хурдан" дуусгах болно гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
Трампын мэдэгдлийн дараахан мөргөлдөөн хэсэг хугацаанд сунжирч магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн хувьцааны ханш унаж, долларын ханш чангарч, газрын тосны үнэ өслөө.
В.Зеленский Ойрх Дорнодын орнуудад айлчиллаа
В.Зеленский Иордан, Катар, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчилж, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүд байгууллаа. Украины Ерөнхийлөгч агаарын довтолгооноос хамгаалах болон дроны технологио хуваалцах санал тавьжээ. Украины аюулгүй байдлын 200 гаруй шинжээч дроны дайралтыг хэрхэн таслан зогсоох талаар Ойрх Дорнодын орнуудад зөвлөгөө өгч байгаа юм. В.Зеленский Саудын Арабт айлчлах үеэр Ираны тал нисэх хүчний нэгэн бааз руу дроноор довтолж, Америкийн 12 цэргийн албан хаагч шархаджээ.
Энэтхэгт хүн амын тооллого эхэллээ. 2021 оноос хойш тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан тооллогод гурван сая гаруй албан хаагч оролцож, 1.4 тэрбум гаруй хүн амыг бүтэн жилийн турш тоолох ажлыг хийж байна. Албан хаагчид айл өрхөөр явж судалгаа хийх бөгөөд анх удаа гар утасны аппликейшн ашиглан мэдээлэл цуглуулах юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Япон болон Өмнөд Солонгос улсад айлчилж, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй хямралыг хэлэлцэж, түүнийг даван туулах арга замыг боловсруулахаар тохиролцлоо. Эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор урьдчилан төлөвлөөд байсан энэхүү айлчлал нь АНУ, Израил хамтран Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Ормузын хоолой хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн үед боллоо. Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түншлэлийг бэхжүүлэх, ирэх зургаадугаар сард Эвиан хотод зохион байгуулах "Долоогийн бүлэг"-ийн (G7) дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зорилготой байв. Э.Макрон 2017 онд үүрэгт ажилдаа орсноосоо хойш Японд хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр анх удаа, Францын Ерөнхийлөгчийн хувиар дөрөв дэх удаагаа айлчиллаа. Харин 2015 оноос хойш Өмнөд Солонгост анх удаа айлчилжээ.
Гуравдугаар сард газрын тосны үнэ түүхэндээ нэг сарын хугацаанд хамгийн их хувиар өслөө. Иран улс Ормузын хоолойг хааснаас хойш Brent маркийн түүхий тосны үнэ баррель нь 119 ам.долларт хүрч, 63 хувиар өсжээ. Газрын тосны зах зээл тогтворгүй хэвээр байгаа бөгөөд энхийн хэлэлцээр байгуулах талаар яригдах үед үнэ буурч байв. Энэ долоо хоногт мөн Америкт бензиний дундаж үнэ галлон нь 4 ам.долларт хүрсэн бол хөрөнгийн зах зээлүүд 2022 оноос хойших хамгийн муу улирлыг ардаа үдэв. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд S&P 500, NASDAQ Composite болон Dow Jones Industrial Average индексүүд бүгд 5 орчим хувиар унажээ. Европт Stoxx 600 индекс 8 хувиар, Азид Хонконгийн Hang Seng индекс 7 хувиар, Японы Topix индекс 11 хувиар тус тус буурсан байна. MSCI Emerging Markets (хөгжиж буй зах зээлийн индекс) 13 хувиар доошилжээ. Гэсэн хэдий ч дайн удахгүй дуусна гэсэн найдвар дахин төрснөөр зах зээлүүд эргэн сэргэсэн байна.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Artemis II” хөтөлбөрийнхөө хүрээнд дөрвөн сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнтэй сансрын хөлгийг дөрөвдүгээр сарын нэгний орой Кеннедигийн нэрэмжит Сансрын төвөөс амжилттай хөөргөсөн бол “Virgin Galactic” компани хоёр шинэ сансрын онгоцныхоо нэгийг нь туршилтаар хөөргөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тус компани сансрын экспедицүүдэд зориулж 750 мянган долларын үнэтэй цөөн тооны тасалбар борлуулж эхэлжээ.
- Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
- Дөрөвдүгээр сарын 06-12-нд Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотноо болно.
-
Дөрөвдүгээр сарын 7-8-нд Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-ын эхний тоглолтууд болно.
- Дөрөвдүгээр сарын 09-12-нд Үйлдвэрлэлийн инженерчлэл ба хэрэглээний олон улсын 13 дахь удаагийн бага хурал (ICIEA 2026) Японы Киото хотод болно.
- Дөрөвдүгээр сарын 10-нд Жибути улсын ерөнхийлөгчийн сонгууль болно.
- Дөрөвдүгээр сарын 10-12-нд Хэрэглээний физик ба математикийн олон улсын 16-р бага хурал (ICAPM 2026) Японы Осака хотод болно.
- Дөрөвдүгээр сарын 10-12-нд Тооцоолон бодох болон харилцаа холбооны технологийн дэлхийн 9 дэх удаагийн бага хурал (IEEE WCCCT) БНХАУ-ын Чиндао хотод болно.
- Дөрөвдүгээр сарын 12 - Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр
- Дөрөвдүгээр сарын 10-13-нд Цахилгааны инженерчлэл дэх хиймэл оюун ухааны асуудлаарх олон улсын хоёрдугаар симпозиум (ISAIEE 2026) БНХАУ-ын Бээжин хотод болно.
УЛААНБААТАР, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/


Сэтгэгдэл байхгүй байна