• Эхлэл
  • Засгийн газрын гишүүд томилогдож, УИХ-д тангараг өргөлөө

Засгийн газрын гишүүд томилогдож, УИХ-д тангараг өргөлөө

2026/04/04

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан Засгийн газрын гишүүдийг хэлэлцэж, дараа нь Ерөнхий сайд Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. \03.20 цаг\

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ.

Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов. Мөн ёс зүйн болон ажлын хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийлж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг ажиллах ёстойг анхаарууллаа.

Улмаар шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөн, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын бүрэлдэхүүнд:

  • Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр,
  • Шадар сайдаар Т.Доржханд,
  • Шадар сайдаар Н.Номтойбаяр,
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Б.Энхбаяр,
  • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг,
  • Сангийн сайдаар З.Мэндсайхан,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан,
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням,
  • Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир,
  • Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан,
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир,
  • Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан,
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ж.Алдаржавхлан,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат,
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ч.Номин,
  • Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа,
  • Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар нар тус тус томилогдлоо.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна