
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар Бага хурлыг энэ оны наймдугаар сарын 17-18-нд зохион байгуулна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир албан ажлаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах төслийн талбайгаас эхлүүллээ.
Энэ үеэр төслийн явцын талаар БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26.9 га талбайд СОР17 хурлын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үүнээс барилгажих талбай нь 44 мянган м.кв. нийт 800 машины авто зогсоол, 20 түр байгууламж барина.
Инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу хийж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Үндсэн зам талбайн ажил тавдугаар сард дуусна. “Цэнхэр бүс”-д хийх ажил төлөвлөгөөний дагуу явж, наймдугаар сарын 5-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж. “Цэнхэр бүс”-д хийж байгаа ажлууд НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Аюулгүй байдлын газартай бүх ажлыг зөвшилцөн хийж байна. Харин хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлах “Ногоон бүс”-ийн ажлыг эрчимжүүлэх, хурлын танхим, тоног төхөөрөмжийн угсралтыг шуурхай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг төслийн гүйцэтгэгч байгууллагаас танилцууллаа. Мөн тохижилт, хурлын танхимын угсралт, тоног төхөөрөмж суурилуулах гүйцэтгэгчийг шуурхай шалгаруулж, ажлыг зэрэг эхлүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Өнөөдөр буюу үүрээр салбарын сайдаар томилогдон тангаргаа өргөсөн сайд Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлын чанар, хугацаанд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудад тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, уялдаа холбоог сайжруулах, ажлыг зэрэг эхлүүлж хугацаанд нь бүрэн дуусгах чиглэл өглөө.
COP17 Талуудын бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын тавцанд байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх манлайллаа харуулах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж юм.



Сэтгэгдэл байхгүй байна