
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл ажлын явц, гүйлтийн маршрут болон тэрхүү өдөр хязгаарлах авто замуудын талаар холбогдох албаныхан өнөөдөр /2026.04.22/ албан ёсны мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 396 дугаар захирамжийн дагуу "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах үндсэн ажлын хэсэг болон дэд дөрвөн хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Жилээс жилд оролцогчдын тоо нь нэмэгдэж буй тус тэмцээнд дотоодын тамирчдаас гадна гадаадын гүйгчид оролцдог томоохон арга хэмжээ болон өргөжжээ. Энэ жилийн марафоны замыг Азийн хөнгөн атлетикийн холбооны мэргэжилтнүүд ирж хэмжсэн бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсны гэрчилгээ олгосноор "Улаанбаатар марафон" нь олон улсын зэрэглэлд бүртгэлтэй уралдаан болж буйгаараа онцлогтой. Уралдаан нийт долоон төрлөөр зохион байгуулагдах бөгөөд зай бүрд дараах насны хязгаар заасан байна. Үүнд:
- 42 км 195 метр ба 21 км 095 метр: 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой
- 10 км: 18-аас дээш насны бүх иргэд
- 5 км: 12-17 насны өсвөр үеийнхэн болон 18-аас дээш насны насанд хүрэгчид
- 1500 метр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн гүйлтийн төрөл
- 500 метр ба 800 метр: Тусгай олимпын ангилалд багтаж байна.
Тэмцээний бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй тамирчин бүртгүүлээд байна. Энэ жилийн тэмцээнд гадаадын олон шилдэг тамирчид хурд хүчээ сорихоор бүртгүүлсний дотор Кени, Япон улсаас тус бүр хоёр эрэгтэй тамирчин 42 км-ийн зайд, харин Англи, ОХУ, БНХАУ-ын тамирчид 21 км-ийн зайд уралдахаар мэдүүлгээ өгчээ. "Улаанбаатар марафон-2026" тэмцээн тогтсон хугацаанд буюу өглөөний 09:00 цагт албан ёсоор эхэлнэ.
Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Ш.Оюумаа:
-Улаанбаатар марафан 2026 олон улсын гүйлтийн тэмцээнтэй холбогдуулан томоохон гудамж, автозамын хөдөлгөөнд өөрчлөлт орж байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас үйлчилгээний 53 чиглэлд 483 тээврийн хэрэгслэлд өөрчлөлт орж байгаа юм. Ерөнхийдөө, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Дүнжингаравын зам болон хойн, урдаасаа орж ирж байгаа гудамж замууд хаагдах учраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан гол чиглэлүүд Их тойруугаар хөдөлгөөнд оролцоно. Их тойруугын автозамын ачаалал болон зорчих урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Автозамын хаагдах байдал нь 06:00-18:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Энэ үед дээрх чиглэлийн нийтийн тээвэр өөрчлөгдсөн чиглэлээр явах бөгөөд цагийн хязгаарлалт дуусаны дараа үндсэн чиглэлээр явж эхэлнэ. Мөн нийтийн тээврийн чиглэл заасан апплейкшн дээр М-1/Ма гэж гэсэн байдалтай оруулж өгнө. Иргэд МА гэсэн бичигтэй байвал нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон гэж ойлгож болох юм.


Сэтгэгдэл байхгүй байна