• Эхлэл
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн үнс зөөвөрлөх ажил эхэллээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн үнс зөөвөрлөх ажил эхэллээ

2026/04/22

Дулааны тавдугаар цахилгаан станцыг нийслэлийн Баянгол дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт II цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина.

Тэгвэл хоёрдугаар цахилгаан станцын 65 жил хуримтлуулсан үнсийг тус талбайгаас зөөвөрлөж эхэллээ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан хэлэхдээ “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг морингийн даваанд зөвшөөрсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийнэ, дараа нь суурийн ажлуудыг явуулна. Энэ жил бүх суурийг цутгаж дуусгахаар төлөвлөсөн. Мөн тоноглолуудаа татаж авах, зам тайлбайгаа бэлдэх ажлууд хийнэ” гэв.

Уг төсөл нь цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьжээ.

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолсон байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлэх ажээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна