• Эхлэл
  • Kazinform: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд одон хүртээлээ

Kazinform: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд одон хүртээлээ

2026/04/22

АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Kazinform/. Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй түүхэн айлчлалынх нь үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэсэн нь Казахстаны ард түмнээс түүнд үзүүлж буй гүн хүндэтгэлийн илэрхийлэл юм гэж тус улсын төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев мэдэгдсэнийг Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн алба уламжилжээ.

Улс орноо хурдацтай хөгжилд манлайлан чиглүүлж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн алсын хараатай удирдлагыг К.Токаев онцолсон байна. Түүнчлэн У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа болон өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэжээ.

Хоёр улсын харилцаа жинхэнэ нөхөрлөл, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурласан гэдгийг К.Токаев мөн тодотгов. 

 

"Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр талын түншлэлийн харилцаа албан ёсоор стратегийн түвшинд хүрч ахилаа. Өнөөдөр бидний байгуулсан гэрээ хэлэлцээрүүд хоёр улсын найрамдалт харилцааг бататган бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

Энэхүү сорилтоор дүүрэн цаг үед бидний хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү чухал бөгөөд хоёр орны эрх ашигт бүрэн нийцэж байна" хэмээн Казахстаны Ерөнхийлөгч хэллээ.

 

"Хоёр орны ард түмнийг улам илүү ойртуулахад оруулсан гавьяа зүтгэлийг тань үнэлж, манай улсын төрийн дээд шагнал болох "Алтан Кыран" буюу "Алтан бүргэд" одонг хүртээхдээ нэн баяртай байна. Энэ бол Казахстан улсаас Танд болон Монголын ард түмэнд үзүүлж буй гүн хүндэтгэлийн илэрхийлэл юм" хэмээн Касым-Жомарт Токаев онцолжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртээсэнд Касым-Жомарт Токаевт талархал илэрхийлээд, Казахстан улстай найрсаг харилцаагаа цаашид улам хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа мэдэгдлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна