
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Иргэн Д.Отгонбатаас Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргасан. Дунд суудлын хуралдаанаар энэхүү мэдээллийг авч хэлэлцээд, Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэв. Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргаж, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ.
Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өнөөг хүртэл “дөрвөн жилийн хугацаа” гэсэн хуучин заалт хэвээр явж ирсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ зөрчлийг арилгаж, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж “зургаан жил” гэж өөрчлөх ёстой гэж үзжээ. Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин Үндсэн хуультай зөрчилдөж байсан хуулийн заалтыг засах тухай Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан гэсэн үг юм.


Сэтгэгдэл байхгүй байна