• Эхлэл
  • ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчиллаа

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчиллаа

2026/05/24

Өмнөх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилснаас хойш хэдхэн хоногийн дараа ОХУ-ын төрийн тэргүүн өмнөд хөршид төрийн айлчлал хийсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байлаа. Мөн Америкийн тал Иранд цохилт өгөхөө хойшлуулсан, АНУ-ын Сангийн яам Оросын нефтийг хоригоос чөлөөлсөн хугацааг нэг сараар сунгасан, эбола вирусний халдварын дэгдэлт нь онц байдал зарлах хэмжээнд хүрснийг ДЭМБ анхааруулсан, Илон Маскийн компани 75 тэрбум доллар босгохын тулд IPO гаргахаар шийдвэрлэсэн зэрэг анхаарал татсан үйл явдлууд болж өнгөрөв. Ингээд энэ оны 21 дэх долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

В.Путин Хятад улсад төрийн айлчлал хийлээ 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээний дүнд иж бүрэн түншлэл, сайн хөршийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай мэдэгдэл, түүнчлэн олон туйлт ертөнц болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг төлөвшүүлэх тухай тунхаглалд Бээжин хотноо гарын үсэг зурлаа. Хоёр талын төлөөлөгчид нийтдээ 42 гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Харин олон тэрбум ам.долларын өртөг бүхий "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолой тавих төслийн талаар тодорхой тохиролцоонд хүрч чадсангүй. 

 

Иранд цохилт өгөхөө хойшлуулжээ 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Катар, Саудын Араб, АНЭУ-ын удирдагчдын хүсэлтийн дагуу Иранд довтлох ажиллагааг хойшлуулснаа мэдэгдлээ. Үүний сацуу Иран улс цөмийн зэвсгээсээ татгалзсанаар хэлэлцээр байгуулагдана хэмээн найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Д.Трампын мэдэгдсэнээр, Иранд мягмар гарагт цохилт өгөхөөр төлөвлөж байсан боловч хэлэлцээ маш чухал үе шатандаа орсон тул шийдвэрээ өөрчилсөн байна. Мөн тохиролцоонд хүрэх гол нөхцөл бол Иран улс цөмийн зэвсэггүй байх явдал гэдгийг тэрбээр онцолжээ. Үүний зэрэгцээ, хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл Америкийн арми "бүрэн хэмжээний томоохон дайралт" хийнэ гэдгийг анхааруулсан байна.

 

Эболагийн халдвар ноцтой хэмжээнд тархжээ 

Эбола вирусний халдварын дэгдэлт бол олон улсын хэмжээнд анхаарал татсан, нийгмийн эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах хэмжээний үзэгдэл гэдгийг ДЭМБ зарлалаа. Энэ өвчний халдвар авсан хүмүүсийн тэн хагас нь амиа алддаг байна. БНАрдчилсан Конго улсын зүүн нутагт дэгдсэн халдварын улмаас 139 хүн ​​нас барсан бол олон зуун хүн халдвар авчээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Иргэний дайн, тусламжийн хэмжээ буурсан, вирусний эсрэг вакциныг гарган аваагүй байгаа зэрэг нь өвчний тархалтыг зогсооход ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.

 

Украины дронууд Балтийн улсуудын нутагт унажээ

НАТО-гийн сөнөөгч онгоц Эстонийн агаарын орон зайд нэвтэрсэн Украины нисгэгчгүй онгоцыг буудан унагажээ. Үүнтэй холбогдуулан, Оросын тал "электрон төхөөрөмж" ашиглан уг дроны чиглэлийг өөрчилсөн гэж Украин мэдэгдсэн байна. Мөн Литва, Латви улсуудад Украины дронууд унажээ. Латвийн агаарын хилээр нэвтэрсэн дрон газрын тос боловсруулах үйлдвэрт эвдрэл учруулсан байна. Энэ явдлын дараа Латвийн Ерөнхий сайд Эвика Силина огцорчээ. 

 

Америкийн иргэдийг хөнөөсөн хэрэгт Раул Кастрог буруутгажээ 

АНУ-ын Хууль зүйн яам куба гаралтай Америкийн дөрвөн иргэнийг хөнөөсөн хэрэгт Кубын удирдагч асан Раул Кастрог буруутгажээ. Тэрбээр 2021 онд албан тушаалаасаа буухаасаа өмнө ах Фиделийг залгамжлан Кубыг удирдаж байсан юм.  Буруутгаж буй шалтгаан нь 1996 онд Кубын байлдааны нисэх онгоц Кубын цагаачдын бүлгийн хоёр жижиг онгоцыг буудаж унагасантай холбоотой бөгөөд үүний улмаас дөрвөн хүн амиа алдсан байна. Раул Кастро тухайн үед Кубын батлан ​​​​хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. Түүнийг ийнхүү буруутгаж байгаа нь Кубын одоогийн эрх баригч дэглэмийн эсрэг АНУ-ын зүгээс явуулж буй ажиллагаа эрчимжиж, халдан довтлох магадлал өссөөр байгааг харууллаа.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио кубачуудад хандан “илүү сайн сайхан ирээдүйг бүтээхийг” испани хэлээр уриалж буйг харуулсан дүрс бичлэгийг саяхан цацсан байна.

 

Орос улс өдөр бүр 100 сая долларын нэмэлт орлого олж байна 

Далайгаар тээвэрлэж буй Оросын газрын тосыг хоригоос чөлөөлсөн хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг АНУ-ын Сангийн яам гаргажээ. Ингэснээр Ормузын хоолой хаагдаад буй энэ үед нийлүүлэлтээс хэт хамааралтай эмзэг улс орнуудад Оросын нефтийг түр хугацаанд худалдан авах боломжийг олголоо. Хоригийг зөөлрүүлснээс хойш Оросын тал өдөр бүр 100 сая гаруй долларын нэмэлт орлого олж байгаа ажээ. Тухайлбал, 2 дугаар сартай харьцуулахад 3 дугаар сард олсон орлого бараг хоёр дахин нэмэгдэж, 19 тэрбум долларт хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн Их Британийн эрх баригчид гуравдагч орнуудад Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн дизель түлш, нисэх онгоцны түлшийг импортлохыг зөвшөөрчээ. Ингэснээр Энэтхэгт үйлдвэрлэсэн онгоцны түлшийг Британийн компаниуд худалдан авах боломжтой болов. 

 

Илон Маск 75 тэрбум долларын IPO гаргана 

Тэрбумтан Илон Маскийн эзэмшлийн "SpaceX" корпорац NASDAQ хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргах (IPO) хүсэлтээ лхагва гарагт өгчээ. Ингэснээр тус компани 75 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ийм хэмжээний мөнгийг босгож чадсан тохиолдолд түүхэнд хамгийн томд тооцогдох IPO болох юм. Тодруулбал, 2019 онд олон нийтэд нээлттэй болсон Saudi Aramco компанийн IPO-гийн дээд амжилтыг давж гарна. Илон Маск цаашдаа компанийхаа үнэлгээг 1 их наяд 750 тэрбумд хүргэх зорилт тавьжээ. IPO гаргах тухай компанийн танилцуулгад, сансарт байрлах өгөгдлийн төвүүд рүү эд анги, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, цаашдаа Ангараг гараг руу хүмүүсийг зөөвөрлөх, солирууд дээрээс ашигт малтмал олборлох гэх мэт алсын зорилтуудаа тусгажээ. Тус компани V3 Starship мега пуужингийнхаа анхны туршилтын нислэгийг хийхээр төлөвлөж байх үедээ IPO гаргах хүсэлтээ өглөө. 

 

Нвидиа хувьцаагаа буцаан худалдаж авна 

Nvidia компанийн улирлын нийт орлого 81.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 85 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дата төвүүдийн чипний борлуулалт 75.2 тэрбум ам.доллар буюу 92 хувиар өссөн байна. Тус компани хувьцаагаа буцаан худалдаж авахын тулд 80 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.  

 

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ойн форумыг даргална 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ойн форумын 22 ба 23 дугаар чуулгануудыг даргалахаар сонгогджээ. НҮБ-ын Ойн форум бол дэлхийн хэмжээнд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах болон ойн салбарын бодлого, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцдэг тус байгууллагын гол механизмуудын нэг юм. Монгол Улсын Байнгын төлөөлөгч хоёр чуулганыг даргалахаар томилогдсон нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойжуулалт болон цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, санаачилгыг олон улсын тавцанд сурталчлан таниулах, улмаар тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Ирэх долоо хоногт болох онцлог үйл явдлууд: 


Тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 7  Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болно

Тавдугаар сарын 24 АНУ-ын Индиана муж улсын Индианаполис хотод Indianapolis 500 автомашины уралдаан болно   

Тавдугаар сарын 25 АНУ-д тавдугаар сарын сүүлийн даваа гарагт тохиодог "Дурсгалын өдөр"-ийг (Memorial Day) тэмдэглэнэ. Энэ өдөр АНУ-ын зэвсэгт хүчинд алба хааж байгаад амь үрэгдсэн бүх цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, орон даяар бүх нийтээрээ амардаг уламжлалтай

Тавдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө – Мусульман шашинтнуудын Курбан-байрам гэдэг тахил өргөх баяр болно

Тавдугаар сарын 26 - Африкийн өдөр. 1963 онд Африкийн 32 орны төрийн тэргүүн нар цугларч, Африк тивийг Европын колоничлол, арьс өнгөөр ялгаварлах үзлээс бүрэн чөлөөлөх тухай  анхны гэрээнд гарын үсэг зуржээ.

Тавдугаар сарын 29  НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр

Тавдугаар сарын 30  УЕФА-гийн Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолт Унгарын нийслэл Будапешт хотод болно.

Тавдугаар сарын 31 Тамхины эсрэг дэлхийн өдөр Энэхүү өдрийг тамхины хэрэглээний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлэх хор уршгийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхий даяар тэмдэглэдэг

Тавдугаар сарын 29-31 Сингапур улсад жил бүр болдог “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” аюулгүй байдлын асуудлаарх олон улсын чуулган явагдана. Чуулганд Ази, Номхон далайн болон Европын орнуудын Батлан хамгаалахын сайд нар, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, аюулгүй байдлын шинжээчид оролцдог.

- Колумби, Мальта, Кипр улсуудад парламентын сонгууль болно

 


Сэтгэгдэл байхгүй байна