• Эхлэл
  • Ойн салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлнэ

Ойн салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлнэ

2026/05/25

Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсын ойн салбарт 100 сая хүртэлх еврогийн зээл олгох боломжтой, бусад хөгжлийн түнш, санхүүжүүлэгч байгууллагатай хамтран нийт 200 сая хүртэлх еврогийн хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл Жан Филип Стийнс, Александр Хорст, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ ярилцсаныг БОУАӨЯ мэдээлэв. Уулзалтаар Европын Холбооны “Global Gateway” стратегийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба биоэдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны явц, төслийн удирдлага, хэрэгжилтийн бүтэц, оролцогч байгууллагын уялдаа холбоо, санхүүжилтийн боломжийг хэлэлцсэн байна. 

Дэд сайд Б.Мөнхтамир хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулахаар ЭЗХЯ-нд хүргүүлээд буйг мэдээлж, хөрөнгө оруулалтын бэлтгэлийг бусад яам, байгууллагатай хамтран эрчимжүүлж байгааг тэмдэглэлээ.

 

Түүнчлэн боловсруулж буй хөрөнгө оруулалтын зураглал, судалгааны үр дүнг Улаанбаатар хотод зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр танилцуулж, олон улсын түншүүдээс нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцжээ. 

 


Сэтгэгдэл байхгүй байна