
Засгийн газраас нас барсан иргэний эзэмшиж байсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон өмнөх онуудын ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн ар гэрийнхэн нь ногдол ашгийг өвлөн авах боломж бүрдэх юм. Уг зохицуулалт нь 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан иргэдэд хамаарах бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш төрөөд нас барсан иргэдийн хувьд үйлчлэхгүй аж. Өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгчид хувьцаа болон түүнд ногдох ашгийг авах эрхтэй байна.
Өвлөгчид эхлээд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж, тухайн хүний нэр дээр бүртгэлтэй хувьцааны мэдээллээ шалгах боломжтой. Мэдээлэл мессежээр ирэх аж. Дараа нь сум, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг шаардлагатай баримтыг гаргуулан авах шаардлагатай.
Хэрэв өөр өвлөгч байгаа бол төрөл садангийн лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас биечлэн авч бүрдүүлнэ. Эдгээр материалыг бүрдүүлсний дараа өв нээгдсэн газрын нотариатад хандаж “Өвлөх эрхийн гэрчилгээ” авах юм. Нотариат шаардлагатай мэдээллийг “Нотариатын цахим систем”-д байршуулж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү цахимаар илгээснээр хувьцаа болон ногдол ашгийг өвлөгчийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа эхэлнэ. Мөн өвлөгч нь үнэт цаасны данстай байх шаардлагатай бөгөөд дансны мэдээллээ E-Mongolia системээр шалгаж болно. Хэрэв дансгүй бол брокерын компанид цахимаар данс нээлгэх боломжтой аж. Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өвлөгчийн үнэт цаасны дансанд хувьцаа болон ногдол ашгийг бүртгэн баталгаажуулах бөгөөд иргэн хүсвэл брокерын компаниараа дамжуулан мөнгөө өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна