Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.05.18-2026.05.25)
АЛТНЫ ҮНЭ ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ БА ӨНДӨР ХҮҮНИЙ ДАРАМТЫН ДУНД ХЭЛБЭЛЗЭЖ БАЙНА
Сүүлийн долоо хоногийн байдлаар дэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал, газрын тосны үнэ болон АНУ-ын мөнгөний бодлогын чиглэлийг зэрэг үнэлж байна. Спот алтны нэг унц нь ойролцоогоор $4,550–4,570 түвшинд арилжаалагдаж, жилийн дүнгээр 35%-иас дээш өсөлттэй хэвээр байгаа ч сүүлийн нэг сард тодорхой хэмжээний засвар ажиглагджээ.
Алтны үнэд хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл нь Ормузын хоолойн тодорхойгүй байдал болон АНУ-Ираны хэлэлцээ хэвээр байна.
Газрын тосны нийлүүлэлтийн эрсдэл өндөр хэвээр байгаа нь Brent тосны үнийг 2026 оны турш өндөр түвшинд хадгалж, нэг үе $126 орчимд хүргэсэн бол сүүлийн өдрүүдэд энхийн хэлэлцээний хүлээлт нэмэгдсэнээр $100 орчим түвшинд тогтворжих оролдлого ажиглагдаж байна. Гэсэн ч зах зээл нийлүүлэлтийн эрсдэл бүрэн арилсан гэж үзэхгүй хэвээр байна.
Геополитикийн эрсдэл өндөр байгаа ч алт энэ удаа уламжлалт “аюулгүй хөрөнгө” байдлаар огцом өсөж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь газрын тосны өндөр үнэ инфляцын хүлээлтийг өсгөж, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Бондын өгөөж өсөх нь хүү өгдөггүй алтны хөрөнгө оруулалтын сонирхлыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна.
Гол хүчин зүйлс:
- Ормузын хоолойн тодорхойгүй байдал газрын тосны нийлүүлэлтийн эрсдэлийг өндөр хэвээр хадгалж байна.
- Brent тосны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна.
- Өндөр бондын өгөөж алтны өсөлтийг хязгаарлаж байна.
- Төв банкуудын алт худалдан авалт болон геополитикийн эрсдэл урт хугацааны эрэлтийг дэмжсээр байна.
Зах зээл богино хугацааны геополитикийн мэдээнээс илүүтэй “өндөр инфляц + өндөр хүү” үргэлжлэх эсэхийг үнэлж эхэлсэн бөгөөд энэ нь алтны зах зээлийг 2026 оны үлдсэн хугацаанд өндөр савлагаатай хэвээр байлгах төлөвтэй байна.
Монголын хувьд дэлхийн алтны өндөр үнэ нь экспортын орлого, валютын нөөц болон Монголбанкны үнэт металл худалдан авалтад эерэг нөлөө үзүүлэх орчныг бүрдүүлж байгаа ч түүхий эдийн зах зээлийн савлагаа уул уурхайтай холбоотой хувьцааны хэлбэлзлийг нэмэгдүүлэх хандлагатай байна.
SPACEX IPO ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ IPO БОЛОХООР ЗЭХЭЖ БАЙНА
2026 онд SpaceX, OpenAI, Anthropic зэрэг AI болон технологийн mega-cap компаниуд IPO хийхээр бэлтгэж эхэлсэн нь дэлхийн хөрөнгийн зах зээлд асар өндөр хүлээлт үүсгээд байна. Гэвч зарим стратегичид эдгээр IPO-ууд нь 1999–2000 оны dot-com bubble-ийн оргил үеийнхтэй төстэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй талаар анхааруулж эхэлжээ.
Хамгийн их анхаарал татаж буй IPO нь Elon Musk-ийн SpaceX бөгөөд дэлхийн санхүүгийн зах зээлүүдийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна. Зах зээлд гарч буй мэдээллүүдээр SpaceX Nasdaq дээр хувьцаагаа гаргахаар ажиллаж байгаа бөгөөд компанийн үнэлгээ $1.5–1.75 их наяд ам.долларын түвшинд хүрч болзошгүй гэж хөрөнгө оруулагчид үнэлж байна. Хэрэв энэ үнэлгээгээр IPO хийгдвэл дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болох магадлалтай байна. Үүний зэрэгцээ OpenAI болон Anthropic ч 2026 онд олон нийтэд хувьцаагаа санал болгох төлөвлөгөөгөө зарлаад байна.
Гэвч эдгээр гурван компанийн нийтлэг асуудал нь одоогоор тогтвортой ашигтай ажиллаж чадаагүй байгаа явдал юм. SpaceX хамгийн сүүлийн улиралд $4.28 тэрбумын алдагдалтай ажилласан бол 2025 онд нийт $4.94 тэрбумын алдагдал хүлээжээ. Компанийн нийт орлогын 69%-ийг Starlink бүрдүүлсэн бөгөөд сансрын launch business болон AI unit нь алдагдалтай хэвээр байна. IPO-ийн баримт бичигт хүртэл “ирээдүйд ашигтай ажиллах баталгаа байхгүй” гэж дурдсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
IPO-ийн өмнө хөрөнгө оруулагчдын хамгийн анхааралтай ажиглаж буй асуудлуудын нэг нь Starship V3 төслийн туршилтууд байна. SpaceX шинэ үеийн Starship-ийн нислэгүүдийг IPO-оос өмнө амжилттай хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь компанийн урт хугацааны growth story-д чухал нөлөөтэй гэж үзэж байна. Starship нь NASA-ийн Artemis хөтөлбөр, Mars mission болон ирээдүйн сансрын дэд бүтцийн гол платформ болох төлөвтэй байгаа юм.
Зарим хөрөнгө оруулагчид хамгийн том эрсдэл нь valuation буюу үнэлгээ хэт өндөр түвшинд хүрч байгаад оршиж байна гэж үзэж байна. SpaceX-ийн төлөвлөж буй үнэлгээ нь борлуулалтын орлогынхоо ойролцоогоор 67 дахин өндөр байгаа нь Nvidia зэрэг mega-cap технологийн компаниудаас хэд дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн AI болон mega-tech IPO-ууд нь зөвхөн шинэ технологийн өсөлтийн түүх биш, харин хөрөнгө оруулагчдын өндөр өсөлтийн хүлээлттэй компаниудад ашигт ажиллагаанаас илүү ирээдүйн потенциалд суурилан өндөр үнэлгээ өгөх хандлага дахин эрчимжиж байгааг илтгэж байна. Капитал зах зээлийн хувьд эдгээр IPO-уудын амжилт эсвэл бүтэлгүйтэл нь 2026 оны технологийн хувьцаануудын үнэлгээ, Nasdaq-ийн хөрвөх чадвар болон AI салбарын дараагийн мөчлөгт шууд нөлөө үзүүлэхээр байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ эерэг гүйцэтгэлтэй байж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил тодорхой хэмжээнд сэргэв. АНУ-д тогтвортой өсөлт үргэлжилсэн бол Европ болон Азийн томоохон индексүүд илүү хүчтэй өсөлт үзүүллээ. Геополитикийн эрсдэл тодорхой хэмжээнд намжиж, газрын тосны үнэ өмнөх оргил түвшнээс буурсан нь зах зээлүүдэд дэмжлэг болсон байна. Үүний зэрэгцээ төв банкуудын хүүний дараагийн алхамтай холбоотой хүлээлт тогтворжиж эхэлсэн нь equities-ийн хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээжээ.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: +0.79%
Dow Jones: +2.22%
Nasdaq: +0.81%
АНУ-ын зах зээлд Dow Jones хамгийн өндөр өсөлт үзүүлсэн нь уламжлалт үйлдвэрлэл, санхүү болон циклик секторуудад худалдан авалт нэмэгдсэнийг харууллаа. Nasdaq болон S&P 500 мөн өсөлттэй хаагдсан ч технологийн секторын momentum өмнөх долоо хоногуудтай харьцуулахад харьцангуй тогтуун байв. Зах зээлд газрын тосны үнийн тогтворжилт, инфляцын эрсдэлийн бага зэрэг бууралт болон Холбооны Нөөцийн Сангийн хүүний өсөлтийн мөчлөг төгсгөлдөө ойртож байгаа гэсэн хүлээлт эерэг нөлөө үзүүлжээ.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
FTSE 100: +2.66%
STOXX Europe 600: +3.43%
DAX 40: +4.43%
CAC 40: +3.24%
Европын зах зээлүүд долоо хоногийн хамгийн хүчтэй өсөлтийг үзүүллээ. Ялангуяа Германы DAX 40 +4.43%-иар өссөн нь аж үйлдвэр, автомашин болон экспортын секторуудын сэргэлттэй холбоотой байв. Газрын тосны үнэ өмнөх өндөр түвшнээс буурсан нь Европын эрчим хүчний дарамтыг сааруулж, үйлдвэрлэлийн outlook-д эерэг нөлөө үзүүлжээ. Мөн Европын Төв Банк хүүний бодлогоо илүү зөөлрүүлж болзошгүй гэсэн хүлээлт equities-ийн өсөлтийг дэмжсэн байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Nikkei 225: +3.33%
KOSPI: +5.43%
CSI 300: +0.18%
SSEC: -0.18%
Азийн зах зээлүүдэд Солонгосын KOSPI +5.43%-иар хамгийн хүчтэй өсөлт үзүүлж, технологи болон хагас дамжуулагчийн секторын сэргэлт давамгайллаа. Японы Nikkei 225 мөн хүчтэй өссөн нь иений ханшийн тогтворжилт болон экспортын компаниудын өсөлтийн хүлээлт сайжирсантай холбоотой байв. Харин Хятадын CSI 300 бараг өөрчлөлтгүй, SSEC бага зэрэг буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал болон дотоод эрэлтийн тодорхойгүй байдал үргэлжилж байгааг харуулж байна.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)



Сэтгэгдэл байхгүй байна