
Улаанбаатар зүтгүүрийн депогийн цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Зам,тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, төмөр замчид оролцлоо. Энэхүү цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулж, зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болсноор гадаадад явуулж хийдэг өндөр үнэтэй засварын зардлыг бууруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөл боломж улам дээшлэх болно.
Төмөр замын тээврийн хэмжээ өсөхийн хирээр зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийн их засварын ажил жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар том оврын 180 ширхэг зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн засварын гүйлт хэтэрсэн шалтгаантай ашиглаж байна. Өнгөрсөн 2025 онд илчит тэрэгний цахилгаан хөдөлгүүрийн засварт 5,2 тэрбум төгрөгийг, 2026 оны нэгдүгээр улиралд 855,4 сая төгрөгийг зарцуулжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү цехийн засварчдыг БНХАУ-д дадлага хийлгэжээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар 10, гавьяат тээвэрчин 13-ыг төрүүлж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн Улаанбаатар зүтгүүрийн депогийн хамт олны хувьд энэхүү бүтээн байгуулалтын ажил нь УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засварын баазыг бэхжүүлж хөгжүүлэхэд томоохон алхам болж байна.


Сэтгэгдэл байхгүй байна